СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ТОГТОЛЦООГ БЭХЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ДЭМБ-ЫН ЗӨВЛӨХҮҮДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ТОГТОЛЦООГ БЭХЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ДЭМБ-ЫН ЗӨВЛӨХҮҮДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

2026 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бүртгэл, мэдээллийн тогтолцоог бэхжүүлэх ажлын хүрээнд ажлын хэсгийн гишүүд болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөхүүдийн уулзалт боллоо.

Уулзалтаар Монгол Улсын сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бүртгэл, мэдээллийн өнөөгийн тогтолцоо, мэдээлэл цуглуулах болон дамжуулах үйл явц, тайлагналын урсгал, мэдээллийн хэрэгцээ, тулгамдаж буй асуудлуудын талаар санал солилцож, цаашид хэрэгжүүлэх ажлын чиглэлийг хэлэлцэв.

Энэхүү ажлын хүрээнд анхан, лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагад ашиглаж буй сэтгэцийн эрүүл мэндийн үндсэн үзүүлэлтүүдийн бүртгэл, мэдээллийн урсгалд үнэлгээ хийх, өгөгдлийн бүрэн байдал, цаг хугацаандаа ирүүлж буй байдал, дотоод нийцэл, үнэн зөв байдлыг үнэлэх, мэдээлэл цуглуулах аргачлалыг боловсронгуй болгох, сонгогдсон эрүүл мэндийн байгууллагуудад үзүүлэлт болон мэдээлэл цуглуулах үйл явцыг турших зэрэг ажлыг үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

Мөн сэтгэцийн эрүүл мэндийн мэдээллийн хэрэгцээ, мэдээлэл дамжуулах болон тайлагнах үйл явцыг зураглан үнэлж, салбар хоорондын оролцоо, уялдаа холбоог бэхжүүлэх замаар бодлого төлөвлөлт, шийдвэр гаргалтад ашиглах найдвартай, чанартай мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх нь уг ажлын чухал зорилтын нэг юм.

Уулзалтын үеэр талууд цаашдын хамтын ажиллагаа, мэдээллийн тогтолцооны үнэлгээ болон дараагийн шатны ажлуудыг хэрэгжүүлэх чиглэлээр санал солилцлоо.