“СЭТГЭЦ, ЗАН ТӨРХИЙН ЭМГЭГИЙН ҮЕИЙН НЭН ШААРДЛАГАТАЙ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ЧАДАВХЫГ САЙЖРУУЛАХ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

“СЭТГЭЦ, ЗАН ТӨРХИЙН ЭМГЭГИЙН ҮЕИЙН НЭН ШААРДЛАГАТАЙ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ЧАДАВХЫГ САЙЖРУУЛАХ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

🩺Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдэд цаг алдалгүй, шуурхай тусламж үйлчилгээ үзүүлэх тогтолцоог бэхжүүлэх зорилгоор Нийслэлийн Түргэн Тусламжийн Төвийн эмч нарт зориулсан сургалтыг Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвөөс хоёр дахь удаагаа зохион байгуулж байна.
🔰 Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж дэлхий дахинд хангалтгүй хэвээр байгаа нь манай улсын хувьд ч тулгамдсан асуудлын нэг юм. Иймд сэтгэц, зан төрхийн эмгэгийн сэдрэлийн үед түргэн тусламж үзүүлэх эмч нарын чадавхыг сайжруулах, тусламж үйлчилгээг иргэдэд илүү ойр, хүртээмжтэй болгох шаардлага зүй ёсоор тавигдаж байна.
✅ Энэхүү сургалтын хүрээнд Нийслэлийн түргэн тусламжийн төвийн эмч нар богино хугацаанд эмнэлзүйн анхан шатны үнэлгээ хийх, болзошгүй эрсдэлийг тодорхойлох, нэн шаардлагатай тусламж үзүүлэх, цаашдын эмчилгээ, тусламжийн талаар шуурхай шийдвэр гаргах мэдлэг, ур чадвараа дээшлүүлж байна.
🔰 Сургалтыг СЭМҮТ-ийн Эмнэлзүй эрхэлсэн дэд захирал З.Цэндсүрэн, тус төвийн Донтох эмгэг судлалын тасгийн эрхлэгч Б.Энхчимэг, Стрессийн шалтгаант сэтгэцийн эмгэг судлалын тасгийн эрхлэгч С.Одонгэрэл, Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч Л.Мөнхтуяа, тус тасгийн ээлжийн сувилагч Т.Энхбат, Сэтгэц, нийгмийн эрүүл мэнд, гадаад харилцаа, сургалтын албаны мэргэжилтэн, эмч С.Байгальмаа, Сэтгэцийн эмгэг судлалын 3 дугаар тасгийн үзлэгийн эмч Г.Хулан нар удирдан явуулж байна.
🔰 Сургалтад тус төвийн нийт 46 эмч, мэргэжилтнүүд хамрагдаж байгаа бөгөөд 2026 оны 11 дүгээр сарын 23–25-ны өдрүүдэд үргэлжилнэ. Мөн тус төвийн нийт жолооч нарт сэтгэц, зан төрхийн эмгэгийн сэдрэлийн үед нэн шаардлагатай тусламж үйлчилгээг багаар үзүүлэх чадавхыг сайжруулах зорилгоор 2026 оны 11 дүгээр сарын 30- ны өдрөөс 12 дугаар сарын 02-ны өдрийг дуустал сургалт явуулахаар төлөвлөж байна.