“МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫН ЭРГЭЛТЭД ХЯНАЛТ ТАВИХ ТУХАЙ” ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд мэргэжил, арга зүйн санал, зөвлөмж боловсруулах хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлэгт Эрүүл Мэндийн Яамны Осол гэмтэл, хүчирхийллийн бодлогын хэрэгжилтийн зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Д.Дэмбэрэлдаваа, ГХУСАЗЗАА-ны Мансуурах, согтуурах донтолтоос урьдчилан сэргийлэх газрын дарга Б.Эрхэсбаатар, ахлах шинжээч У.Дэлгэрхишиг, Хууль зүй, дотоод хэргийн яам-ны Хууль зүйн бодлогын газрын Нийтийн эрх зүйн хэлтсийн ахлах шинжээч Ж.Амгалан нар оролцов.
Мөн Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эмнэлзүй эрхэлсэн дэд захирал З.Цэндсүрэн, Статистик, тандалт судалгааны албаны дарга В.Баярмаа, Аддиктологийн төвийн дарга Д.Ганбат, Нийгмийн эрүүл мэндийн орлогч дарга О.Баатаржав, Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Б.Гэрэлчимэг, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль-ийн Сэтгэцийн эрүүл мэндийн тэнхимийн багш Н.Билгүүн болон СЭМҮТ-ийн холбогдох алба, тасгийн эмч, мэргэжилтнүүд оролцож, санал, зөвлөмжөө солилцлоо.
Хэлэлцүүлгийн хүрээнд хуулийн шинэчилсэн найруулгын төслийн зохицуулалт, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээтэй холбоотой эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, мэргэжлийн байгууллагуудын чиг үүрэг, оролцоо болон практикт тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэв.
Энэхүү хэлэлцүүлэг нь хуулийн төсөлд эрүүл мэндийн салбарын мэргэжлийн санал, зөвлөмжийг тусгах, холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэсэн ач холбогдолтой арга хэмжээ боллоо.
СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ