“МАНСУУРУУЛАХ БОДИСЫН ШАЛТГААНТ СЭТГЭЦ, ЗАН ТӨРХИЙН ЭМГЭГ” СЭДВЭЭР МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ
Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн Эрдмийн өргөөнд тус төвийн Сэтгэц, нийгмийн эрүүл мэнд, гадаад харилцаа, сургалтын албаны мансуурлын асуудал хариуцсан мэргэжилтэн, эмч С.Байгальмаа АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн 5 дугаар курсын оюутнуудад “Мансууруулах бодисын шалтгаант сэтгэц, зан төрхийн эмгэг” сэдвээр мэдээлэл өглөө.

Мэдээллийн хүрээнд мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эмийн талаарх ерөнхий ойлголт, төрөл, ангилал, тэдгээрийн хүний төв мэдрэлийн тогтолцоо, сэтгэц, зан үйлд үзүүлэх нөлөөллийн талаар танилцуулав.

Түүнчлэн донтох эмгэгийн тухай ойлголт, үүсэх шалтгаан, эрсдэлт хүчин зүйлс, эмнэлзүйн үндсэн шинж тэмдэг, бодисын хэрэглээнээс үүдэлтэй сэтгэц, зан төрхийн өөрчлөлт, эрүүл мэнд болон нийгэмд үзүүлэх сөрөг үр дагавар зэрэг асуудлыг хөндөж, эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэлт, мэргэжлийн тусламж үйлчилгээний ач холбогдлыг онцоллоо.

Энэхүү үйл ажиллагаа нь ирээдүйн эмч нарын онолын мэдлэгийг бататгах, мансууруулах бодисын хэрэглээтэй холбоотой эрсдэлийг эрт таньж илрүүлэх, донтох эмгэгтэй иргэдийг шаардлагатай тусламж үйлчилгээнд цаг алдалгүй чиглүүлэх мэдлэг, хандлагыг төлөвшүүлэхэд чиглэв.



