“ЭРҮҮЛ, ЧАНАРТАЙ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ” СЭДЭВТ САЛБАР ХООРОНДЫН СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“ЭРҮҮЛ, ЧАНАРТАЙ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ” СЭДЭВТ САЛБАР ХООРОНДЫН СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Нийгмийн даатгалын ерөнхий газарын дэргэдэх Эрүүл мэндийн магадлалын төв зөвлөл, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв хамтран хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлж буй хүчин зүйлс, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам, хөдөлмөрийн чадвар алдалтын үнэлгээний тогтолцоог боловсронгуй болгох зорилгоор “Эрүүл, чанартай амьдралын төлөө” сэдэвт салбар хоорондын сургалт, хэлэлцүүлгийг 2026 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр зохион байгууллаа.
🔰 Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл Мэндийн Яам, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Мэдээллийн технологийн төв, Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, НҮБ-ын Хүүхдийн сан UNICEF Mongolia , Эрүүл мэндийн хөгжлийн төв, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв болон дүүргүүдийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх Эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн төлөөлөл зэрэг 60 гаруй оролцогч хамрагдсан байна.
🔰 Хэлэлцүүлгийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын зөвлөх Г.Саран, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүн Г.Адъяа нар нээж үг хэлэв. Тэд эрүүл мэндийн магадлалын үйл ажиллагаа нь зөвхөн нэг салбарын хүрээнд шийдвэрлэх асуудал бус, олон талын хамтын ажиллагаа шаардсан чухал чиглэл болохыг онцоллоо. Мөн Олон улсын жишиг, туршлагад нийцүүлэн үнэлгээний тогтолцоог шинэчлэхийн зэрэгцээ хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоохоос гадна эмчилгээ, нөхөн сэргээх тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, нийгмийн оролцоог хангах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих шаардлагатай байгааг тэмдэглэв.
🔰 Хэлэлцүүлгийн хүрээнд Эрүүл мэндийн магадлалын төв зөвлөлийн дарга Т.Лхагвадорж “Хөдөлмөрийн чадвар алдалтын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний санал” сэдвээр илтгэл тавилаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого, Олон Улсын үйл ажиллагааны ангилал (ICF)-д суурилсан үнэлгээний аргачлал, түүнийг нэвтрүүлэх боломж, Олон Улсын туршлага, сэтгэцийн эмгэгийн шалтгаант хөдөлмөрийн чадвар алдалтыг үнэлэхэд сэтгэлзүйн оношилгоо, сорилыг ашиглах асуудлаар холбогдох байгууллагуудын төлөөлөл илтгэл, мэдээлэл хүргэж, санал солилцов.
🔰 Арга хэмжээний хоёрдугаар хэсэгт “Хөдөлмөрийн чадвар алдалтаас урьдчилан сэргийлэх, бууруулах, шийдвэрлэх үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох нь” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ. Хөдөлмөрийн чадвар алдалтыг үнэлэх өнөөгийн тогтолцооноос хүний үйл ажиллагааны чадамж, нийгмийн оролцоог цогцоор нь харгалзсан үнэлгээний загварт үе шаттай шилжих, Олон Улсын үйл ажиллагааны ангилал (ICF)-ыг нэвтрүүлэхтэй холбоотой бодлого, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, үнэлгээний үйл явцыг цахимжуулах, санамсаргүй хуваарилалтын зарчимд суурилсан шийдвэрлэлтийн тогтолцоог бүрдүүлэх зэрэг асуудлыг хөндөн хэлэлцлээ.
🔰 Энэхүү сургалт, хэлэлцүүлэг нь хөдөлмөрийн чадвар алдалтаас урьдчилан сэргийлэх, үнэлгээний тогтолцоог боловсронгуй болгох, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэнд, нийгмийн оролцоо, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо.