-Өсвөр үе, залуусын ирээдүйг бүрхэж буй бараан сүүдэр ба газ үнэртэх гаж зуршил-

Ахуйн газ, будаг шингэлэгч зэрэг дэгдэмхий уусгагч бодист донтох тохиолдол нэмэгдсээр буй. Бидний дэргэд оршдог ч тэр бүр өнгийж харж, ойлгохыг хүсдэггүй, том болсон гэж бодон яриаг нь сонсолгүй өнгөрөөдөг өсвөр насныхан энэ төрлийн гаж зуршилд автах нь элбэг аж.

Өсвөр үеийн хүүхэд, залуус газ үнэрлэж байгаад түлэгдэж Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн Түлэнхийн тасагт гүн шархаа эмчлүүлж, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд донтох эмгэгээ гээж ядан тийчлэн нойргүй хонож, Цагдаагийн байгууллагад “нас барсан” хэмээн бүртгэгдэх шалтгаан нь ердөө л ахуйн газ. Энэ бол хийсвэрлэл биш. Бодит байдал. Өнгийгөөд нэг харъя. Дэлхийг цочроосон коронавирусийн улмаас нэг ч хүн нас барсан тохиолдол Монголд гараагүй байна. Харин ахуйн газ үнэрлэж байгаад амь насаа алдсан гашуун тохиолдол жил бүр чих дэлссээр буй.

Тухайлбал, Өнөөдрөөс ердөө гурван сарын өмнө буюу зургаадугаар сарын 21-ны өдөр БЗД-ийн 11-р хорооны нутаг дэвсгэрт 14 настай хүүхэд газ үнэрлэж байгаад нас барсан нь хэргийн газрын үзлэгээр тогтоогдсон юм.

ГАЗ ҮНЭРЛЭХ ДОНТОЛТ ХАЛДВАРТ ӨВЧИН ШИГ ХҮРЭЭГЭЭ ТЭЛЭХ ЭРСДЭЛТЭЙ

Бид ГССҮТ-ийн Түлэнхийн тасгийн эрхлэгч Т.Батэрдэнэтэй ярилцахад тэрээр,

Манай эмнэлэгт ахуйн газ үнэрлэж байгаад түлэгдсэн хоёр өвчтөн, газыг буруу хэрэглэж байгаад түлэгдсэн гурван өвчтөн эмчлүүлж байна. Сүүлийн үед газыг ахуйн хэрэгцээнд өргөн ашиглах болсноор газанд түлэгдэх тохиолдол нэмэгдэж байна. Газ үнэрлэж байгаад түлэгдсэн хүмүүсийн тоо жилээс жилд өсөх хандлагатай байна. Тэдгээр залуусыг харахад 13-25 насны хооронд байдаг. Газ үнэрлэх донтолт сэтгэц, биед асар их хор хөнөөлтэй. Үе тэнгийн залуус нэгнээ уруу татах хандлага их байна.

Жижигхэн, битүү орчинд газ дэлбэрвэл доторх хүмүүс нь түлэгдэхээс гадна механик гэмтэл авах эрсдэлтэй.

Залуус нэгнийхээ машинд суулгаад тавуулаа газ үнэрлэсэн байгаа юм. Энэ үед тамхи татаж, цахилгаан хэрэгсэл ажиллуулснаас гал гарч түлэгдсэн. Жижигхэн, битүү орчинд газ дэлбэрвэл доторх хүмүүс нь түлэгдэхээс гадна механик гэмтэл авах эрсдэлтэй. Үүнээс үүдэн түймэр гарахыг ч үгүйсгэхгүй. Газ үнэрлэх донтолт нь халдварт өвчин шиг хүрээгээ тэлэх эрсдэлтэй. Газанд түлэгдсэн хүмүүс маш гүнзгий түлэгддэг гэсэн юм.

Л.ЦЭРЭНДОЛГОР: ГАЗ ҮНЭРЛЭДЭГ ХҮҮХЭД ОЮУНЫ ОЛДМОЛ ХОМСДОЛТОЙ БОЛДОГ

Хүүхэд өсвөр, үеийн клиникийн тасгийн эрхлэгч Л.ЦэрэндолгорХүүхэд өсвөр, үеийн клиникийн тасгийн эрхлэгч Л.ЦэрэндолгорБид СЭМҮТ-ийн Хүүхэд өсвөр, үеийн клиникийн тасгийн эрхлэгч Л.Цэрэндолгортой өсвөр үе, залуусын газанд донтох эмгэг, эцэг эхчүүдийн анхаарал халамж хэчнээн чухал болох, хүүхдээ хэрхэн анзаарч байх гэх мэт олон сэдвийн хүрээнд ярилцлаа.

-Бид 2014 оноос эхлэн Хүүхэд, өсвөр үеийн клиникийн тасгийг 25 ортойгоор үйл ажиллагааг нь эхэлсэн. Үүнээс өмнө асаргаа шаардлагатай, хүнд эмгэгтэй хүүхдүүдтэй ажилладаг байсан. Харин 2014 оноос эхлэн стрессийн шалтгаантай, зан үйлийн болон донтох эмгэгтэй хүүхдүүдтэй түлхүү ажиллаж, тусламж үйлчилгээ үзүүлж байна. Эдгээрийн дунд ахуйн газ болон будаг шингэлэгч зэрэг дэгдэмхий уусгагч бодисын шалтгаанаар сэтгэцэд нь өөрчлөлт орж, хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүд байдаг. Ийм шалтгаанаар манай төвд ирж буй хүүхдүүдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байна.

Хамгийн багадаа 12 настай эрэгтэй хүүхэд ийм донтолтын улмаас эмчлүүлж байсан.

-Хэдээс хэдэн насны хүүхдүүд газанд донтох эмгэгээр эмчлүүлдэг бол?
-Ихэвчлэн өсвөр насны эрэгтэй хүүхдүүд байдаг. Хамгийн багадаа 12 настай эрэгтэй хүүхэд ийм донтолтын улмаас эмчлүүлж байсан.

-Ахуйн газ зэрэг дэгдэмхий уусгагч бодисыг хэрэглэх хүсэл сонирхол хаанаас төрж, хүүхдүүд яагаад хэрэглэдэг талаар судалгаа хийж байсан болов уу?
-Бид эмнэлзүйн ярилцлага хийгээд хүүхдүүдтэйгээ ажиллах явцдаа ерөнхий дүр зураг, шалтгааныг олж хардаг. Энэ нь ихэвчлэн ар гэрийн хүмүүжил, бүтэц алдагдсантай холбоотой байдаг. Эцэг, эхийн аль нэг нь архины хамааралтай, цаашлаад гэр бүлийнх нь орчинд хэрүүл, маргаан тасардаггүй, хүүхдэд сэтгэл санаа, бие мах бодийн дарамт учруулдаг зэрэг нь дийлэнх шалтгааныг эзэлдэг. Түүнчлэн хүүхдийг үл хайхрах хүчирхийлэл элбэг тохиолдож байна. Мөн хүүхдүүд найз нөхдөдөө уруу татагдах зэрэг олон шалтгааныг дурдаж болно. Хүүхэд сайн дураараа гэхээс илүүтэй орчин тойрны гэр бүл, найз нөхөд, сургууль, хамт олон, нийгмийн нөлөөлөл их байна.

Сэтгэл санаа нь хямрахад өмнөх сайхан мэдрэмжээ авч тайвшрах зорилгоор хэрэглэхийг хүснэ. Донтолт ингэж эхэлдэг.

-Газ үнэрлэх нь сэтгэц болон бие махбодид ямар нөлөө үзүүлдэг бол?
-Энэ төрлийн бодис хэрэглэх нь сэтгэц болон бие махбодид маш их хор хөнөөлтэй. Газ үнэрлэсэн хүүхэд түр зуур сэтгэл хөөрсөн жаргалтай мэдрэмжийг авдаг. Хэсэг хугацааны дараа хэвийн байдалд ордог ч дахин сэтгэл санаа нь хямрахад өмнөх сайхан мэдрэмжээ авч тайвшрах зорилгоор хэрэглэхийг хүснэ. Донтолт ингэж эхэлдэг.

Дэгдэмхий уусгагч бодисыг олон дахин хэрэглэснээр сэтгэцийн хараат байдал үүсдэг. Үүнээс гадна бие махбодь маш хүчтэй хордлогод орно. Дэгдэмхий уусгагч бодис амьсгалын төвийг дарангуйлдаг. Хүүхэд тэр дороо амьсгалж чадахгүй болно. Энэ шалтгаанаас болж нэлээд хэдэн хүүхэд хорвоогийн мөнх бусыг үзсэн тохиолдлууд ч бий.

НЭГ ЗҮЙЛД ДОНТВОЛ ӨӨР ОЛОН ЗҮЙЛД ДОНТОХ ЭРСДЭЛ НЭМЭГДДЭГ

-Хүүхдийн сэтгэцэд нөлөөлж байна гэдэг нь сэтгэн бодох чадварт нь сөргөөр нөлөөлнө гэсэн үг үү?
-Дэгдэмхий уусгагч бодисыг их хэрэглэх нь богино болон урт хугацааны сөрөг нөлөө үүсгэдэг. Богино хугацаанд их хэмжээгээр хэрэглэсэн тохиолдолд нас барах хүртэл эрсдэлтэй. Харин бага багаар тогтмол хэрэглэх нь алсдаа хор хөнөөл учруулна. Хүүхдийн танин мэдэхүйн үйл ажиллагаанд маш муу нөлөөтэй. Хүүхэд мэдээллийг хүлээж авах, шүүн тунгаах, боловсруулах, шийдвэр гаргах, хариу үйлдэл үзүүлэх зэрэг процессыг хийж чадахгүй болно. Улмаар яваандаа тэнэгрэлд орно. Үүнийг оюуны олдмол хомсдол гэнэ.

Хоёр жилийн турш газ үнэрлэсэн хүүхэд манайд эмчлүүлж хандсан. Тухайн хүүхэд маш мартамхай, удаан сэтгэдэг болсон байсан.

-Тухайн хүүхдийн гэр бүлийн орлогын түвшин энэ төрлийн бодист донтох магадлалтай хамааралтай болов уу?
-Гэр бүлийн орлогын түвшинг хүүхдүүдийн донтолтын хувьтай харьцуулсан нарийн судалгаа байхгүй ч ерөнхийд нь харвал дундаж болон дунджаас доогуур түвшиний амьдралтай хүүхдүүд энэ төрлийн бодист донтох нь элбэг байдаг. Газ хямд үнэтэй, олдоц ихтэй байдаг. 18-аас доош насны  хүүхдэд газ худалдаалахгүй гэх шийдвэр байдаг ч хэрэгждэг эсэх нь тодорхойгүй. Томоохон худалдааны төвүүд хүүхдэд газ худалддаггүй. Хариуцлагатай хандаж байгаа харагддаг. Харин захын хорооллын хүнсний дэлгүүрүүд бол хяналтгүй зардаг. Ашиг олох гэсэн жижиг зүйлд төвлөрөлгүйгээр Монголын ирээдүй хойч болсон хүүхдүүддээ чин сэтгэлээсээ анхаарал тавьж хандаасай гэж хүсэх юм.

Хоосон балгас болсон байшин, эзэнгүй барилга зэрэг газны саваар дүүрсэн дүр зураг олон бий.

-Хүүхдүүд тодорхой цэгүүдэд газ үнэрлэж мансуурдаг тухай сонсож байсан?
-Тийм ээ. Хүүхдүүд ихэвчлэн байрны дээвэр, орцны булан, эзэнгүй байшин зэрэг хүн бага явдаг, харанхуй хэсэгт мансуурах тохиолдол элбэг байдаг. Хоосон балгас болсон байшин, эзэнгүй барилга зэрэг газны саваар дүүрсэн дүр зураг олон бий.

-Газ үнэрлэж байгаад хордлогод орсон хүүхдэд ямар эмчилгээ, үйлчилгээ үзүүлдэг вэ?
-Газ үнэрлэж байгаад гүнзгий хордлогод орсон хүүхдүүдэд Эх, нялхсын үндэсний төвд эмчилгээ хийдэг. Үүний дараа манай төвд шилжин ирж, сэтгэл заслын эмчилгээнд орно.

Манайд ханддаг хүүхдүүд үгүйлэх хам шинжтэй буюу дэгдэмхий уусгагч бодисыг ямар нэг аргаар хэрэглэх хүсэлтэй байдаг. Мөн тайван байж чалахгүй, уурлаж, хоолонд дургүй болж, шөнө унтахаа ч больдог. Энэ үед нь бид эмийн эмчилгээнээс гадна сэтгэл заслын үйлчилгээ үзүүлдэг. Энэ төрлийн донтолтыг бүр мөсөн алга болгохын тулд гэр бүлийн гишүүдээс гадна сургуулийн нийгмийн ажилтан, багш нар, эмч, сэтгэлзүйч бүгд нийлж туслалцаа үзүүлэх хэрэгтэй. Цаашилбал цагдаагийн байгууллагаас ч тусламж авах хэрэгцээ үүснэ.

Нэг зүйлд донтвол өөр олон зүйлд донтох эрсдэл нэмэгддэг гэж үздэг. Тамхи татдаг хүүхэд архинд, компьютер тоглоомд донтсон хүүхэд архи, тамхины аль нэгийг хэрэглэж байдаг. Энэ төрлийн хавсарсан донтолт элбэг тохиолддог.

-Хүүхдүүд найз нартаа уруу татагдах явдал их байдаг. Ийм үед хүүхдүүд найзууддаа юу гэж хэлж тухайн хүнд нөхцөл байдлаас өөрийгөө авч гарвал дээр байдаг бол?
-Хүүхдүүд ихэнхдээ найзууд намайг хэрэглээд үз гэж шахсан гэх хариултыг өгдөг. Тэгээд “Чи яагаад үгүй ээ би хэрэглэхгүй” гэж хэлээгүй юм бэ гэхээр “би найзгүй болчихно шүү дээ” гэдэг. Тэгэхээр үүнээс хүүхдэд найз нөхдийн хэрэгцээ маш өндөр байгааг харж болно. Бусдад уруу татагдаж буй хүүхэд өөртөө итгэлгүй, бие даах чадвар сул байдаг. Энэ нь гэр бүлийн орчинд эцэг эх нь хүүхэдтэйгээ сайн ажилладаггүй, хүүхдийнхээ санаа бодлыг сонсдоггүй, өөрсдийнхөө хүсэл сонирхлыг хүүхдэдээ тулгадагтай холбоотой. Ийм хүмүүжилд өссөн хүүхдүүд өөрийн үзэл бодлоо илэрхийлж чадахгүй, хүний үгээр бүхнийг хийдэг болдог. Яагаад гэвэл эцэг, эх нь хүүхдээ юм хэлэх гэхээр өөдөөс нь “Хүүхэд юм байж чимээгүй бай. Чи ийм юм ярих болоогүй” гэх зэргээр хүүхдийн үзэл бодлыг байнга няцаадагтай холбоотой. Тэгэхээр ийм хүүхдүүд найзуудынхаа өөдөөс гэнэт л “үгүй” гэж зоригтой хэлж чадахгүй байгаа юм.

ДОНТОЛТОО ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, ҮҮНЭЭС ГАРАХ АРГА СҮВЭГЧИЛЖ ЭХЭЛСЭН Л БОЛ ЗОРЬСОНДОО ХҮРЭХ БОЛОМЖ НЭМЭГДДЭГ

-Танайд эмчлүүлээд муу зуршлаа бүрэн хаяж чадсан тохиолдлуудаас дурдвал?
-Маш их хүчтэй хордлогод орсон хүүхэд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хордлогоо тайлуулаад манай төвд ирж байсан. Тэр хүүхэд маань сэтгэл заслын үйлчилгээ хийлгэж эхлэхээсээ өмнө “би энэ муу зуршлаа заавал ялан дийлнэ” гээд өөрөө шийдчихсэн байсан. Донтолтоо хүлээн зөвшөөрч, үүнээс гарах арга сүвэгчилж эхэлсэн л бол зорьсондоо хүрэх боломж нэмэгддэг. Ингээд энэ хүүхэд сэтгэл заслын эмчилгээнд явсны дараа ахиж газ хэрэглээгүй ба манай төвд эргэж хандаагүй. Хүүхдийг зөв чиглүүлээд өгвөл аливаа юмыг хүлээж авахад хялбар байдаг. Тодорхой үр дүнд хүргэхийн тулд эцэг, эх эргэн тойрны хүмүүсийн нөлөө их бий.

Эцэг, эхчүүд хүүхэд нь яагаад ийм төрлийн муу зуршилд автах болсон шалтгааныг эрж хайдаггүй. Шууд хүүхдийг буруутгах хандлагатай байдаг.

-Хүүхдээ муу зуршилтай болоод байгааг анзаарсан эцэг, эхчүүд эхлээд ямар арга хэмжээ авах нь зүйтэй бол. Эцэг, эхчүүд ихэнхдээ хатуу гараар үзэх гээд байдаг шүү дээ?
-Эцэг, эхчүүд хүүхэд нь яагаад ийм төрлийн муу зуршилд автах болсон шалтгааныг эрж хайдаггүй. Шууд хүүхдийг буруутгах хандлагатай байдаг. Хүүхэд ийм хандлагыг хүлээж авах дургүй байдаг учраас хүчтэй эсэргүүцэл үзүүлэх нь бий. Хүүхдийг эргэн тойрноос нь тусгаарлаж, хорьж цагдах нь асуудлыг шийдэж буй хэлбэр биш. Түр зуурын л гал унтрааж байгаа арга хэмжээтэй адил.

-Ер нь өсвөр насны хүүхдээ хэрхэн анзаарч харьцах нь зүйтэй вэ?
-Хүүхэд тань чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөж, ямар хүүхдүүдтэй нийлж байна гэдгийг мэдэх хэрэгтэй. Гэртээ орж ирэхдээ хүүхдийн нүдний харц ямар байна, гуйвж, дайвж орж ирж байна уу, үгээ зөөгөөд түгдэрч ярьж байна уу, өмнөх хэвийн байдлаасаа өөр санагдаж байгаа эсэхийг анзаараарай. Хүүхдээ ажигла гэхээр эцэг эхчүүд хүүхдийн орон зайд хэт халдаж , тагнаж мөрдөөд байх вий. Тэгж огт болохгүй. Тунг нь тааруулж, итгэл хүлээлцсэн харилцааг үүсгэх нь чухал. Хүүхдийнхээ итгэлийг алдахгүй, хэлсэн нууцыг нь чанд хадгалж занших хэрэгтэй.

Хүүхдэд хайр илүүддэггүй. Хайр нь ихдээд муу хүн болсон хүн гэж байхгүй. Харин буруу хүмүүжил гэж бий.

Эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ багаас нь нээлттэй харилцаа өрнүүлж хүүхдээ хайр, халамжаар битгий дутаагаасай. Хүүхдэд хайр илүүддэггүй. Хайр нь ихдээд муу хүн болсон хүн гэж байхгүй. Харин буруу хүмүүжил гэж бий. Хүүхэд эд баялгаар дутсан ч муу хүн болдоггүй. Хүүхэд сэтгэлзүйн хэрэгцээгээр дутахад хорт зуршилд татагдах, зан авирын өөрчлөлттэй болох, сэтгэл гутралд орох эрсдэл нэмэгддэг. Мэдээлэл олж авах суваг олон болсон цагт эцэг эхчүүд үр хүүхдийнхээ төлөө эрж, хайж өөрийгөө зөв мэдээллээр цэнэглэх хэрэгтэй.

-Танай төвийн зүгээс хүүхдүүдэд аливаа хорт зуршлаас урьдчилан сэргийлэх зөвлөгөө, зөвлөмж өгдөг болов уу?
-Өнгөрсөн жилүүдэд манай төв ЕБС-ийн нийгмийн ажилтнууд, өрх, дүүрэг, хөдөө орон нутгийн эмнэлгийн эмч нарт хүүхэд, өсвөр үеийнхэнд тохиолддог сэтгэцийн эмгэгийн талаар чадваржуулах сургалтууд хийсэн. Үүнд хүүхдийн донтох эмгэгийн талаарх агуулга ч мөн багтсан. Стрессийг зөв тайлах аргад хүүхдүүдээ сургавал буруу зүйлд татагдах нь бага байх юм.

Хэцүү цагтаа айж, эмээхгүйгээр тусламж гуйж сураарай. Чи өөрөө чадахгүй байсан ч чамд туслах хүн заавал байдаг юм шүү.

-Манай уншигчид дунд хүүхдэдээ зөвлөгөө авахыг хүссэн хүн байвал танай төвтэй хэрхэн холбогдох вэ?
-Манай цахим бүртгэл рүү орж, цаг авч үйлчлүүлэх боломжтой. Хамгийн түрүүнд амбулаторийн эмч үзээд, цаашид хэвтэн эмчлүүлэх шаардлагатай бол чиглүүлж өгөх болно. Та бүхэн 98963630 гэсэн манай цахим бүртгэлийн дугаар руу ажлын өдрүүдэд, 09:00-15:00 цагийн хооронд холбогдон цаг авах боломжтой. Мөн манай төвийн 24 цаг ажилладаг 1800-2000 гэсэн утас бий. Энэ утсаар холбогдоод сэтгэлзүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй авч болно.

-Муу зуршлаасаа салах шийдвэр гаргахаар хичээж буй хүүхдүүдэд хандан зөвлөгөө өгөөч
-Амьдралд асуудал бэрхшээл зөндөө тулгарна. Гэхдээ чи ганцаараа биш. Хэцүү цагтаа айж, эмээхгүйгээр тусламж гуйж сураарай. Чи өөрөө чадахгүй байсан ч чамд туслах хүн заавал байдаг юм шүү.

-Ярилцсанд баярлалаа.

Сошиалд хуваалцах: