Хүн төрөлхтөн интернэтээс татгалзах, интернэтгүй амьдрах боломжгүй болсон гэхэд хилсдэхгүй. Үүнийгээ дагаад интернэт орчинд донтох эмгэг ч бий болсон байна. Дэлгэцийн донтолт, донтох эмгэгийн талаар Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхэд, өсвөр үеийн клиникийн эрхлэгч Л.Цэрэндолгортой ярилцлаа. Хүмүүс өөрсдийгөө дэлгэцийн донтой болсноо анзаардаггүй гэж байна шүү.

-Дэлгэцийн донтолтын талаар ярихад хамгийн түрүүнд хүүхдүүд компьютерын тоглоомд донтдог гэсэн ойлголт бодогдож байна л даа. Насанд хүрэгчдийн хувьд ямар байна?

-Насанд хүрэгчид яг дэлгэцийн донтолтоор бидэнд ханддаггүй. Тэд өөрсдөө дэлгэцэд донтсоноо хэвийн үзэгдэл гэж авч үздэг учраас “би донтой болчихсон юм байна, хамааралтай болчихсон юм байна, тэрнээс болж би өдрийнхөө ихэнх цагийг дэлгэц ширтэж, утас ашиглаж, телевиз, компьютерт их цаг өнгөрөөгөөд байна” гэдгийг ухамсарладаггүй. Яг л хэвийн юм шиг хүлээж аваад байна. Харин хүүхдүүдийн хувьд донтолтоос үүсэх шинж тэмдэг, гарч байгаа хор уршиг нь арай тод ажиглагддаг учраас хүүхэд илүү тусдаг юм байна гэсэн ойлголтыг насанд хүрэгчдэд өгөөд байна. Үнэндээ үүнд насны хязгаар гэж байхгүй. Хэтрүүлэн хэрэглээд донтолт болдог. Бүх дон нэг л механизмаар явдаг. Тэгэхээр тархитай хүн болгон донтоно.

-Бүх донтолт нэг механизмаар явдаг гэлээ. Үүнийгээ дэлгэрүүлбэл?

-Эхний шатанд хэтрүүлэн хэрэглээ гэдэг зүйл ажиглагдана. Өдрийн нэлээд хэдэн цагийг нь дэлгэц ширтэж, тоглоом тоглох, ажиллах, бичлэг үзэх зэргээр чөлөөт цагаасаа хэтрүүлээд хэрэглээд эхэлдэг. Уг нь бол чөлөөт цагаараа гэдэг чинь завтай үедээ хэрэглэнэ гэсэн үг шүү дээ. Гэтэл завтай үедээ биш зориудаар ажлаа хойш тавиад хэрэглээд эхэлдэг. Энэ байдал удаан хугацаанд үргэлжилсээр байгаад дараа нь донтолт үүснэ. Донтолт гэхээр нөгөө хүн маань хараат байдалдаа орж байна гэсэн үг. Донтсон хүн стрессийг даван туулах, ачаалал даах чадваргүй болно. Тэгэхээр нөгөө хүнд зан үйл буюу өдөр тутамдаа хийдэг үйл ажиллагаа нь хэвийн бус болж байгаа юм. Тухайн хүн ажлаа хойш тавьсаар байгаад ажилдаа сонирхолгүй болох, хүүхэд байлаа гэж бодоход сургуульдаа явах дургүй болно, сургуулиа тасладаг болно. Ингээд ихэнх цагаа дэлгэцдээ зарцуулж эхэлнэ. Тухайн хүний амьдралын дийлэнх хувийг амин чухал үүрэг, эрхийг нь нөгөө дэлгэц эзлээд эхэлж байна гэсэн үг. Хүмүүс өөрсдийгөө дэлгэцийн донтой болсноо анзаардаггүй. Жишээлбэл, тоглоом тоглодог хүүхэд гэхэд энэ бол зүгээр и-спорт шүү дээ, оюуны спорт гээд нөгөөхөө тоглоод л яваад байдаг. Гэтэл нэг мэдэхэд л донтчихсон, хичээл сурлагандаа муу болоод, ямар ч хичээлээ хийх дур сонирхолгүй болчихсон, дээрээс нь хичээлээ таслах, даалгавраа хийхгүй очиж байгаадаа санаа зовохоо больж эхэлдэг. Тухайн хүн юунд санаа зовох вэ гэхээр нөгөө дэлгэцээ харах юм сан, тоглоомоо тоглох юм сан гэсэн бодолд эзлэгддэг. Насанд хүрсэн хүмүүс за яах вэ энэ ажлыг хойш нь тавьж байгаад өнөөдөр л утсаа харчихъя гэж бодно. Эсвэл ухамсаргүйгээр бодох ч үгүй нэг мэдэхэд л дэлгэц ширтсээр байгаад ажлынхаа ихэнх цагийг өнгөрөөчихсөн байдаг. Ямар ч үр бүтээлгүй, ажлын бүтээмжгүй, зорилгогүй болчихсон. Энэ нь цаагуураа сэтгэл гутралд автаж байгаа. Тэгээд сэтгэл гутралаа нөгөө дэлгэцээрээ дарах гэж оролдож эхэлнэ. Нөгөө утсаараа сошиалаараа, дэлгэцээрээ дарах гэж эхэлдэг. Энэ нь улам бүр гүнзгийрч байгаагийн л шинж.

-Бид өөрсдийгөө дэлгэцэд донтсоноо анзаардаггүй байх нь. Хүний бие болон сэтгэл санаанд ямар шинж илрэх вэ?

-Насанд хүрэгчдийн хувьд ажлаа хойш тавиад л хэтрүүлэн хэрэглээд эхэлбэл бие махбодийн хувьд ядрах сульдах, нойр хямрах, нүд чилэх, гар хөл чилж ядарч, сульдаж байгаа юм шиг шинж тэмдэг мэдрэгдэнэ. Ийм байдалд ороод ирэхээр сэтгэл санаа, зан үйлийн хувьд өөрчлөлтүүд гарч эхэлдэг байгаа. Сэтгэл санааны хувьд  гутрамтгай болох, аливаа зүйлийг сөргөөр хардаг, сөргөөр боддог болох, юм бүхний болохгүй бүтэхгүй зүйлийг нь илүү их харж түүнийг хүлээн авч мэдрээд байдаг. Мөн уур бухимдлаа барьж чадахаа больдог. Маш их цочир ууртай болно. Ялихгүй асуудлыг хүндээр хүлээж аваад түүнийг даван туулах, шийдвэр гаргах чадвар нь дэлгэцийн донтолттой хүн дээр алдагдаж эхэлдэг.

-Хэтрүүлэн хэрэглэх, донтох нь юунаас үүсэж байна вэ?

-Олон хүчин зүйл бий л дээ. Яг тэрнээс болчихлоо, энэнээс болчихлоо гэх юм байхгүй. Хүүхдүүд, насанд хүрэгчдийн хувьд аль алинд нь гэр бүлийн орчин, хүмүүжил, ямар орчинд өсөж торнисон, хэр биеэ даасан хүн бэ, хэр хариуцлага хүлээх чадвартай хүн бэ, шийдвэр гаргах чадвар нь хэр байна гэх мэт бүх зүйл хүмүүжлээс шалтгаална. Тухайн хүүхдийг багаас нь зөв хүмүүжүүлсэн буюу аливаа нэгэн зүйлийг зөв хэрэглэж дадуулсан тохиолдолд хэр баргийн юманд донтохгүй. Хүүхэд зөв хүмүүжихэд олон зүйл шалтгаална. Өв тэгш гэр бүлд хүмүүжиж байна уу, эцэг эх нь хоёулаа байдаг ч гэсэн хүүхэддээ анхаардаггүй бол яах вэ? Тэгэх юм бол хүүхэд эцэг эхийн хайр халамжийг тоглоомоор орлуулж эхэлдэг. Өөрийнхөө сэтгэл зүйн хэрэгцээг тоглоом, дэлгэцээр орлуулж эхэлдэг. Дэлгэцээр өөрөө өөртөө санаа тавиулж байна гэсэн үг. Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ илэн далангүй харилцдаг, хүүхдийнхээ хайрлуулах халамжлуулах харилцаа тогтоох тэр нийгмийн хэрэгцээг нь хангалттай хангаад өгөх юм бол хүүхэд тэр зүйлд автагддаггүй. Харин ч зохистой хэрэглээг сурч эхэлдэг гэсэн үг. Дээрээс нь хүүхдийг биеийг нь даалгаж сургаагүй улмаас шийдвэр гаргах чадвар муутай болж өсдөг. Хүүхдийг насанд нь тохирсон гэр орны ажилд туслуулах, өөрөө өөртөө үйлчлэх чадвар, ахуйн дадалд нь сургах хэрэгтэй.  Хэт эрхлүүлсэн хүүхэд гээд байдаг даа. Ингэх юм бол хүүхэд бас л зан төрхийн хувьд өөрчлөлттэй болж эхэлнэ. Дээрээс нь хайхрамжгүй байдал буюу үл хайхрах хүчирхийлэлд өртдөг хүүхэд байна. Энэ тохиолдолд хүүхэд аливаа дэлгэцийн донтолтонд өртөх магадлал нь илүү их нэмэгддэг. Насанд хүрэгчдийн хувьд тухайн насанд хүрсэн хүн  бас л тодорхой хэмжээгээр хүмүүжлийн хувьд өв тэгш биш байж таарна. Өөрийн гэсэн зорилгогүй байна, амьдрал ахуйгаа төлөвлөж сураагүй байгаад байна, өөрийнхөө ажлыг өдөр тутамдаа төлөвлөж чадахгүй байгаад байна, юу нь амин чухал хэрэгцээ, юу нь миний хувьд их чухал зүйл вэ гэдэг тэр дэс дарааллыг тогтоож чадахгүй байгаа юм. Тэгээд нас нь бол явчихсан сэтгэхүй нь хоцрогдчихсон явж байна гэсэн үг.

-Хэрвээ телевиз ч юм уу гар утсаа 2-3 цаг өөрт хэрэгтэй, мэдлэгт нэмэртэй зүйлд зарцууллаа гэж бодоход энэ нь донтолт болохгүй гэдэг. Тэгэхээр дэлгэцэд донтоход ямар нэгэн агуулга, сэдэв цаана нь байж л таарах байх?

-Тийм. Насанд хүрэгчид кинонд их цаг зарцуулах тохиолдол байна. Эсвэл Youtube-ээс видео үздэг. Сонирхлыг нь татах агуулгаасаа шалтгаална. Эсвэл зүгээр сошиал ертөнц байж болно. Фэйсбүүк, твиттэртээ донтож болно. Яагаад гэвэл тэр нь өөрсдийнх нь асуудалтай илүү ойр дотно, сонирхлыг нь татаж байгаа тэнд л илүү их үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, өөрийнхөөрөө байж чадаж байна гэсэн үг. Тэгэхээр ямар нэгэн байдлаар стресстэй, сэтгэцийн асуудалтай хүмүүс дэлгэцэд илүү донтдог. Сэтгэл зүйн ямар ч асуудалгүй байгаа юм уу, хэвийн сэтгэл зүйтэй хүн бол аливаа зүйлд донтохгүй хэрэглээгээ хэтрүүлэхгүйгээр тохируулж чаддаг. Шийдвэр гаргах чадвар сайн байдаг болохоор донтдоггүй  гэж хэлж болно.

-Донтолтын эхний шат нь хэтрүүлэн хэрэглэлт гэж та хэлж байсан. Хэрвээ өөрийгөө хэтрүүлэн хэрэглээд байгаагаа мэдчихвэл ямар арга хэмжээ авах вэ?

-Хамгийн түрүүнд хэрэглээндээ хяналт тавьж сурах хэрэгтэй. Олон улсын хэмжээнд насанд хүрэгчдийг өдөр гурваас илүүгүй цаг дэлгэц хэрэглээрэй гэсэн зөвлөмж байдаг. Би яг үр бүтээлтэйгээр ашиглаж чадаж байна уу, үр дүн нь хэр байна вэ гэдгээ тунгаах хэрэгтэй. Бид нар чинь ухамсартай хүн юм чинь тэрийг бодох чадвартай байхгүй юу. Тэгэхээр би өдөртөө хоёр цагийг зөвхөн утас ширтээд, фэйсбүүкт ороод ашиглачихжээ. Тэгвэл тэр хоёр цагийн хугацаанд надад ашигтай зүйл юу байсан бэ гэдгээ бодох хэрэгтэй. Ямар ч ашиггүй зүгээр л фэйсбүүк ухсан юм байна гэж бодож байгаа бол таны хэрэглээ зорилгогүй байна, цагийг чинь дэмий үрсэн байна, ямар ч үр дүн гаргаагүй байна гэдгийг бодоод тэрнийхээ үндсэн дээр хэрэглээгээ танах ёстой. Өдөртөө ердөө гучхан минутийг л мэдээ мэдээллээ шалгахдаа зарцуулъя гээд өөрөө өөртөө хяналт тавьж эхэлнэ. Өөрөө өөрийнхөө эзэн нь болж эхэл. Тэгж байж бид нар сошиал гэх амьгүй зүйл донтохгүй. Хяналтаа л алдаад эхэлбэл донтож байгаагийн нэг хэлбэр.

-Ярилцсанд баярлалаа.

Сошиалд хуваалцах: