СЭМҮТ-ийн Ерөнхий захирал Л. Насанцэнгэл нь 2019 оны ээлжийн амралтаа эдлэж байх хугацаандаа 2020 оны 1 сарын 04-ний бямба гаригт  Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн Удирдлагуудтай уулзаж, Сэтгэцийн тасгийн үйл ажиллагаатай  танилцлаа. Сүүлийн жилүүдэд энэ тасгийн үйл ажиллагаа жилээс жилд өргөжин ажиллаж байна. Тухайлбал  хэдэн жилийн өмнө хэвтүүлэн эмчлэх оргүй байсан  бол 2016 онд очиход  хэдэн өрөөтэй, 1 сэтгэцийн эмчтэй ажиллаж байсан.  Тэгвэл 2019 онд  хэвтүүлэн эмчлэх олон өрөөтэй, стрессийн шалтгаант сэтгэцийн эмгэгийг эмчлэх өрөө, донтох эмгэгийг эмчлэх өрөө, сэтгэц нийгмийн сэргээн засах эмчилгээний  өрөөг  нээсэн,  сэтгэл заслын өрөөгөө одоо  тохижуулж байв.  Тасгийн эрхлэгчээр Ц.Ганчимэг эмч, үзлэгийн эмчээр Б.Төртогтох эмч нар маань  ажилладаг.

Б.Төртогтох эмч сэтгэл заслын төрөлжсөн мэргэжлийн эмчийн 6 сарын сургалтанд СЭМҮТ дээр 2019 онд  суралцан төгсөж, аймагтаа  саяхан 18 настай диссоциаци эмгэгийн улмаас  дуугүй болсон нэгэн эмэгтэйд сэтгэл заслын эмчилгээ хийж,  энэ байдлаас нь бүрэн гаргаж эмчилсэн нь Нэгдсэн эмнэлгийн хувьд онцгой үнэлэгдэн Сэтгэцийн тусламж үйлчилгээг өргөжүүлэн “Сэтгэл заслын орчин үеийн аргачлал” нэвтрүүлсэн гэдгээр 2019 онд “Батламж”, мөнгөн шагналаар  шагнагдсан байв. Мөн одоогийн байдлаар Сэлэнгэ аймгийн Сэтгэцийн тасгийн эрхлэгч  Ц.Ганчимэг нь мөн л сэтгэл заслын сургалтанд   суралцаж, 2019 онд , “Клиникийн профессор” цолоор шагнагдсан  байна. Энэ 2 эмч маань  2000 гаруй сэтгэцийн хяналтын эмчлүүлэгчидтэй, хэвтүүлэн эмчлүүлэх тасаг,  сэтгэл зүйн шинжилгээ, бусад тасгуудад дуудлагаар ажиллах, сэтгэл засал, сэтгэц нийгмийн сэргээн засах тусламжаа үзүүлэх зэргээр маш  их ачаалалтай ажиллаж байна.  

 

Эмчилгээндээ квютапин, альпразолам, оланзапин зэрэг 5 төрлийн  сэтгэц нөлөөт шинэ  эмийг тендертээ оруулан сүүлийн жилүүдэд эмчилгээндээ нэвтрүүлэн ажиллажээ. Нэгдсэн эмнэлгийн удирдлагад Л. Насанцэнгэл захирал сэтгэцийн эмчийн тоог ахин нэмэгдүүлэх талаар анхаарч өгөхийг хүслээ.

    

Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэг нь INNOVATION  сэтгүүлийн  (Vol. 13 No 1, 3 сар 2019) дугаарт эмч мэргэжилтнийхээ  нийт 11 эрдэм шинжилгээний илтгэл, өгүүлэл, эмнэлзүйн тохиолдол хэвлүүлсэн нь эрдэм шинжилгээ судалгааны ажлаа өргөжүүлсэн том бүтээл болсон байна.

Ингээд 2020 онд Сэлэнгэ аймгийн Ганчимэг эрхлэгчтэй Сэтгэцийн тасгийн хамт олондоо СЭМҮТ-ийн Удирдлагын зөвлөл,  нийт хамт олны өмнөөс ажлын өндөр  амжилтийг  хүсье.

Сошиалд хуваалцах: