2019 оны 11 сарын 29-ний  өдөр Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв дээр энэ албанд олон жил удирдах ажилтанаар ажиллаж байсан дарга захирал, үнэтэй хувь нэмэр оруулж байсан эрдэмтэдийн гэр бүл, үр хүүхдүүдэд хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагааг зохион байгууллаа. Тухайлбал: Сэтгэцийн клиникийн эмнэлгийн Ерөнхий эмч, Монгол улсын хүний гавъяат эмч, анхны доктор, профессор Ш.Доржжадамба,  АШУ-ны доктор, доцент Ц.Гүрдорж, Монгол улсын хүний гавъяат багш, АУ-ны доктор, профессор С.Бямбасүрэн, АУ-ны доктор, профессор Н.Орёл, АУ-ны доктор Д.Болдцэрэн, Сэтгэцийн эмнэлгийн дарга агсан Д.Норов, С.Жанчивсэнгээ, О.Бавуужав нарын гэр бүл үр хүүхэд  нарыг урьж, тухайн цаг үед хийж байсан бүтээлч  гайхамшигтай үйлсийг  бахархан дурсав.

Энэ үйл ажиллагаанд Монгол улсын хүний гавъяат эмч, АШУ-ны доктор, профессор, академич Л.Эрдэнэбаяр, Эрүүлийг хамгаалахын гавъяат ажилтан Г.Доржханд,  Дэд захирал Б.Аюушжав, Хүний нөөцийн албаны дарга асан Л.Сампил, СЭМҮТ-ийн Удирдлагын зөвлөл, зарим тасгийн эрхлэгчид, сэтгэцийн тэнхимийн хамт олон нар оролцож, Ерөнхий захирал, АУ-ны доктор, профессор Л. Насанцэнгэл “Сэтгэцийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал” сэдвээр илтгэл тавьж,  байгууллагын үйл ажиллагааг газар дээр нь явж танилцуулав.  Ирсэн зочид Түүхэн алдрын танхим болон 90 жилийн ойг угтаж хийсэн бүтээлч ажлуудад сэтгэл дүүрэн байлаа.

 

Ийнхүү Монгол улсын сэтгэцийн эрүүл мэндийн албаныхан  90 жилийн ойгоо амжилт бүтээлээр дүүрэн тэмдэглэн өнгөрүүллээ.  

Сошиалд хуваалцах: