Анх  1929 оны 11 сарын 29-нд   Засгийн газрын шийдвэрээр  “Хий судлалын больниц” –ийг  байгуулснаас  хойш Сэтгэцийн эрүүл мэндийн алба  өргөжин хөгжсөөр  өнөөдөр Монгол улсын  Нийслэл, бүх аймаг  даяар жигд тархсан,  зохион байгуулалттай том тогтолцоо болон хөгжсөн. Энэ өдөр Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв дээр энэ албанд олон жил удирдах ажилтанаар ажиллаж байсан дарга захирал, үнэтэй хувь нэмэр оруулж байсан эрдэмтэдийн гэр бүл, үр хүүхдүүдэд хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагааг зохион байгууллаа. Тухайлбал: Сэтгэцийн клиникийн эмнэлгийн Ерөнхий эмч, Монгол улсын хүний гавъяат эмч, анхны доктор, профессор Ш.Доржжадамба,  АШУ-ны доктор, доцент Ц.Гүрдорж, Монгол улсын хүний гавъяат багш, АУ-ны доктор, профессор С.Бямбасүрэн, АУ-ны доктор, профессор Н.Орёл, АУ-ны доктор Д.Болдцэрэн, Сэтгэцийн эмнэлгийн дарга агсан Д.Норов, С.Жанчивсэнгээ, О.Бавуужав нарын гэр бүл үр хүүхэд  нарыг урьж, тухайн цаг үед хийж байсан бүтээлч  гайхамшигтай үйлсийг  бахархан дурсав.

Түүнчлэн Сэтгэцийн эрүүл мэндийн алба үүсч хөгжсөний 90 жилийн ойн хүрээнд 5 төрөлт  спортын тэмцээн, Ахмад эмч, ажилтнаа хүлээн авах үйл ажиллагаа, аймаг дүүргийн сэтгэцийн эмч, мэргэжилтэн, нэгдсэн эмнэлгийн дарга  нарыг оролцуулсан 3 хоногийн сургалт, Эрдэм шинжилгээний Олон улсын хурал, Түүхэн замналын ном бүтээх, Эрдэм шинжилгээний бүтээлийн хураангуй гаргах, Сүлд дуутай болох, Баярын хурал, Баримтат кино, Эмч ажилтан нарын нэгдсэн концерт, Баярын цэнгүүн зэрэг үйл ажиллагаанууд  өмнө  нь амжилттай зохион байгуулагдсан болно. Ийнхүү Сэтгэцийн эрүүл мэндийн албаны 1000 гаруй хүмүүс Улаанбаатар хотод цуглаж,  90 жилийн ойгоо амжилт бүтээлээр дүүрэн тэмдэглэн өнгөрүүллээ.  

Сошиалд хуваалцах: