Хүний амьдралын аз жаргалын зууны ерэн хувь нь эрүүл мэндээс шалтгаалдаг гэдэг. Тэгвэл эрүүл мэндийн чухал хэсэг болох сэтгэцийн эрүүл мэндийн талаар, хүмүүсийн ойлголт зөв эсэх талаар мөн эрүүл мэнд гэж юу болох талаар Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн их эмч Б.Ерөөлттэй ярилцсан ярилцлагыг хүлээн авна уу.

Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Юуны өмнө эрүүл мэнд гэж яг юу болох талаар, ямар хүнийг эрүүл хүн гэж хэлж болох талаар бидэнд тайлбарлаж өгөөч.  

Сэтгэцийн эрүүл мэндийн талаар ойлгохын тулд эрүүл мэнд гэж юу бэ, эрүүл хүн гэж хэнийг хэлэх вэ гэдгийг эхлээд ойлгох нь зөв байх.

 Би өмнө нь эрүүл  мэндийн талаар сургалт хийж байхдаа хүмүүсээс эрүүл хүн гэж хэнийг хэлэх вэ гэж асууж байсан. Гэхдээ ихэнх хүмүүс энэ тодорхойлолтыг хэлж чадахгүй байсан нь харамсалтай санагдаж байсан. Хүмүүс эрүүл мэнд гэдэг ойлголтыг мэдэхгүй байх нь өөрийгөө эрүүл байгаа эсэхийг тодорхойлох боломжгүй гэсэн санаа гарч ирж байна.

“Эрүүл мэндээ алдвал бүгдийг, цаг хугацааг алдвал ихийг, хөрөнгө мөнгөө алдвал багыг алдсанд тооц” гэдгийг мэдэх боловч иргэд эрүүл мэндээ анхаарахгүй байна уу даа гэж сэтгэл эмзэглүүлдэг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тодорхойлсноор

  1. Бие махбод
  2. Сэтгэц
  3. Нийгэм-ийн хувьд эрүүл байхыг хэлнэ гэсэн байдаг. Энгийн үгээр тайлбарлавал бие махбодын хувьд эрүүл байна гэдэг нь харьцангуй тодорхой.  Жишээ нь багажийн болон лабораторийн шинжилгээ өгөхөд ямар нэгэн өөрчлөлтгүй, биед илрэх зовуур байхгүй байна.

Харин сэтгэцийн хувьд эрүүл хүн гэж сэтгэц мэдрэх эрхтний тусламжтай мэдээллийг зөв хүлээн авч зөв боловсруулах, дасан зохицох чадвартай ба нийгэмдээ зохих хувь нэмрээ оруулж байгаа хүнийг хэлж болно.

 Нийгмийн эрүүл мэнд гэдэг бидний амьдарч байгаа орчин эрүүл байхыг хэлнэ. Жишээ нь агаар, хөрс, хоол хүнс, хүмүүсийн харилцаа гэх мэт.

Сэтгэцийн эрүүл мэндийн талаар ард иргэдийн дундах бодол, ойлголт хэр байдаг вэ?

Сэтгэцийн эрүүл мэндийн салбар бол хаалттай, нийгэмд маш их сөрөг буруу байдлаар ойлгогдсон салбар. Ихэнх хүмүүс сэтгэцийн эрүүл мэнд гэдэг ойлголтыг шар хадны эмнэлэг эсвэл цөөн тохиолддог дотоод шалтгаант өвчтэй, солиорлын шинж тэмдэг илэрсэн  хүмүүсээр төлөөлүүлж ойлгодог. Өөрөөр хэлбэл солиотой хүн сэтгэцийн өвчтэй гэж ойлгодог. Гэтэл аливаа улс орон “архаг солио” өвчнөөр өвчилсөн хүмүүс нь  нийт сэтгэцийн өвчтэй хүмүүсийн  2 хүртэлх хувийг л эзэлж байдаг. Ийм ойлголттой хүмүүс өөрийнхөө сэтгэцийн эрүүл мэндийн байдлыг зөв үнэлэхгүй, сэтгэцийн тусламж авах шаардлагатай эсэхэд дүгнэлт хийж чаддаггүй, би солиотой биш сэтгэцийн эмчид хандах шаардлагагүй гэж боддог. Мөн нийгмийн эрүүл мэндийн хамгийн чухал хэсэг нь сэтгэцийн эрүүл мэндээс шалтгаална.

 Жишээ нь түгжрэлийн үед бухимдан, хараал хэлж бусдын сэтгэцэд нөлөөлж, гудманд биеэ зүй бусаар авч яван хүүхэд багачуудад нөлөөлж, байгаль орчинтойгоо буруу харьцаж байна.

Ард иргэдийн сэтгэцийн байдал дараах 3 төлөвт байдаг.

  • Сэтгэцийн хувьд эрүүл хүн /дээр хэлсэнчлэн/
  • Сэтгэцийн тулгамдсан асуудалтай хүн / шийдвэрлэх шаардлагатай сэтгэцийг шаналгаж байгаа асуудалтай хүнийг хэлнэ. Жишээ нь ойр дотныхүн нь архи уух, өрөнд орох, ажлын ачаалал их байх гэх мэт олон асуудлууд байдаг. Эрдэмтдийн судалгаагаар тулгамдсан асуудлыг зөв шийдвэрлэж чадахгүй удаан байх нь сэтгэцийн өвчтэй болгодог гэсэн байдаг. Ихэвчлэн 6 сараас дээш үргэлжилсэн тулгамдсан асуудлууд ямар нэгэн өвчин үүгэдэг. /
  • Сэтгэцийн хувьд өвчтэй хүн /сэтгэцийн эмчид үзүүлэн сэтгэцийн өвчтэй гэж оношлогдсон хүн/

Сэтгэцийн эрүүл мэндийн салбар шинжлэх ухаан юуг судалдаг вэ? Ямар ямар салбар шинжлэх ухаануудтай вэ?

Сэтгэцийн эрүүл мэнд нь дараах салбар шинжлэх ухаануудтай.

  • Хүүхдийн сэтгэцийн эрүүл мэнд
  • Харих настны сэтгэцийн эрүүл мэнд
  • Донтох эмгэг судлал
  • Бэлгийн эмгэг судлал
  • Сэтгэл засал
  • Сэтгэцэд нөлөөт эм бодис судлал
  • Шүүх сэтгэц гэм судлал
  • гажиг засал/ сэргээн засах
  • Нийгмийн сэтгэцийн эмгэг судлал
  • Дотоод шалтгаант өвчин судлал
  • Ерөнхий сэтгэцийн эмгэг судлал
  • Нойрны эмгэг судлал
  • Бие сэтгэцийн хамааралт өвчин судлал

Эдгээр чиглэлээр иргэдэд сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үзүүлдэг. Би харахдаа хүмүүсийн аз жаргалтай байхад, амар амгалан амьдрахад эдгээр асуудлууд чухал гэж боддог. Жишээ нь архинд донтсон аавтай хүүхдүүд, сексийн хувьд таарамжгүй эхнэр нөхөр, өөрийг нь ойлгодоггүй хүүхдүүдтэй эцэг эхүүд, нойргүй болсон хүн, стрессээс болж гоо сайхан нь доройтсон бүсгүйчүүд, бэлгийн сулралтай эрчүүд, хүчирхийлэл айдаст өртсөн эмэгтэйчүүд хүүхдүүд, мэдсээр байж бусдад хүч хэрэглэдэг, бусадтай маргалддаг зэрэг сэтгэцийн эдгээр өөрчлөлт өвчнөөсөө болж гэмт хэрэг үйлдэх гэх мэтээр бидний амьдралд зовлон гэж нэрлэгдэх олон асуудлуудад тусламж үзүүлдэг юм шүү дээ.

Хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндийн салбар нь ямар онцлогтой салбар вэ? Эцэг эхчүүд энэ тал дээр хэр анхаардаг вэ?

Хүүхдийн хувьд сэтгэцийн маш олон өвчин, асуудлууд байдаг. Хичээлээ хийхээ болих, орондоо шээх, хэт хөдөлгөөнтэй болох, эцэг эх, багшийг зөвлөгөөг зөрчих, айдастай болох, хэт уйланхай байх зэрэг маш олон төрлийн хүүхдийн сэтгэцийн өөрчлөлтүүд байдаг. Эдгээр нь ямар нэг эмгэгийн шинж байхыг ч үгүйсгэхгүй. Энэ үед бид мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч эдгээр хүүхдүүдтэй энэ үед нь хэрхэн яаж харьцах ёстой вэ, энэ өөрчлөлтүүд нь юунаас болсон бэ гэдгийг тухай бүрт нь шийдэж байх ёстой. Гэтэл манай монголчуудын дунд сэтгэцийн эрүүл мэндийн салбарын эмчилгээг орлосон механик аргууд их байна.  Жишээ нь хүүхдэд гар хүрэх, хорих, дарамтлах, айлгах, сүрдүүлэх зэрэг зүй зохисгүй аргууд их байдаг. Гэтэл ямар ч өвчин, ямар ч өөрчлөлтийг дээрх аргуудаар эмчлэх боломжгүй. Ард иргэд сэтгэцийн эрүүл мэндийн талаар мэдлэг нимгэнээсээ болоод уг өөрчлөлтүүдийг улам гүнзгийрүүлж байна гэсэн үг.

Харих насны сэтгэцийн эмгэг судлалын салбар ямар хүмүүстэй ажилладаг вэ? Хөгшрөлтнасжилт нь хүний сэтгэцийн эрүүл мэндийн байдалд хэрхэн нөлөөлдөг вэ?

Хүмүүс эрэгтэй, эмэгтэй цэвэршилт явагдаж эхэлснээр энэ салбарлуу илүү их хандаж эхэлдэг. Эмэгтэй хүнд сарын тэмдэг зогссоноор нүүр нь улайх, хөлрөх зэрэг биеийн шинж тэмдэг илэрдэг. Гэтэл үүний цаана сэтгэлзүйн хувьд маш их өөрчлөлт гарч байдаг. Нийт хүмүүсийн 80аас дээш хувьд нь сэтгэл гутрал, сэтгэл түгшил, айдсын эмгэгүүд тохиолддог. Нас ахих тусам сэтгэлзүйн хувьд маш олон асуудал илэрч байдаг. Энэ үед хөгширч байна, хүч чадалгүй болж байна гэсэн мэдээлэл тархинд нь хүрч байдаг. Тэтгэвэрт гарах, хамт олонгүй болсноор ганцаардаж эхэлнэ. Энэ бүхэн нь сэтгэцийн эрүүл мэндийн байдлыг нь улам гүнзгийрүүлж, дордуулж байдаг. Энэ үед нь сэтгэцийн эрүүл мэндийн салбарт хандаж зөв үйлчилгээ тусламж авч байх хэрэгтэй.

Энэ мэтчилэн сэтгэцийн эрүүл мэнд бол хүний амьдралд тохиолдож буй олон асуудлыг шийдэх гарц нь болдог. Иймээс л сэтгэцийн эрүүл мэндийн талаар хүмүүс зөв ойлголттой болж, өөрт тохирсон эмчилгээ, үйлчилгээгээ авдаг байх хэрэгтэй.

Сэтгэцийн эрүүл мэндийн байдал нь эргээд биеийн эрүүл мэндийн байдалд нөлөөлдөг үү? Нөлөөлдөг бол яаж нөлөөлдөг вэ?

Сэтгэцийн эрүүл мэндийн байдал нь биеийн эрүүл мэндийн байдалд нөлөөлдөг талаар судалдаг салбар шинжлэх ухааныг психосоматик салбар гэж нэрлэдэг. Сэтгэл санаа муу, зовууртай, стресстэй, ямар нэгэн тулгамдсан асуудалтай байх нь тодорхой хугацааны дараа ямар нэгэн өвчин болж илэрдэг. Тэр өвчин нь биеийн шинжээр эсвэл сэтгэцийн өөрчлөлтөөр илэрч болдог. Жишээ нь удаан хугацаанд стресстэй явснаар ходоод өвдөх, батгаших, ядрах, бэлгийн сулралд орох гэх мэт.Биеийн өвчний 84 орчим хувь стрессээс үүсдэг гэсэн судалгаа  ч байдаг.

Сэтгэцийн эмгэгийн шалтгаан юу байдаг вэ?

Нийт сэтгэцийн эмгэгийг шалтгаан нь тодорхойгүй буюу дотоод шалтгаантай, шалтгаан нь тодорхой буюу гадаад шалтгаантай гэж 2 ангилдаг. Шалтгаан  нь тодорхойгүй гэдэг нь дэлхий даяараа шалтгааныг нь тогтоож чадаагүй байгаа эмгэгүүд багтдаг. Энэ нь нийт эмгэгийн 2 хувийг л эзэлж байдаг. Гэтэл нийт ард иргэд уг 2 хувиар л сэтгэцийн эрүүл мэндийн салбарыг төлөөлүүлж ойлгодог. Шалтгаан нь тодорхой эмгэгийн хувьд осол аваар, хүчтэй стресс тодруулбал хүчирхийлэл, айдас, ганцаардал, хэт ачаалал ихтэй ажиллах, амьдралын буруу хэв маяг зэрэг байж болно.

Стресс ямар төвшинд хүрвэл сэтгэцийн эмгэг үүсч болох вэ?

Хэмжээ бол хамгийн чухал гэж би хэлэх дуртай. Энэ нь хүн болгонд өөр өөр, хүн болгон адилгүй гэдэг утгаар шүү. Сэтгэцийн өвчин үүсгэхэд нөлөөлөх хүчин зүйлийн хүч чухал байдаг. Гэхдээ тийм хэмжээнд хүрээд сэтгэцийн өвчин тусна гэсэн тодорхой ойлголт байхгүй. Өөрөөр хэлбэл сэтгэцийн өвчин үүсгэх сөрөг хүчин зүйл ихэссэн байна уу гэдгийг мэдэхийн тулд л манай салбарт хандан, үйлчилгээ тусламж авах ёстой. Түүнээс ийм хэмжээнд хүрвэл өвчин үүснэ гэж хэлэх боломжгүй. Хүн болгоны өссөн орчин, темперамент зэргээс шалтгаалаад эмгэг үүсгэж чадах түвшин нь өөр өөр байдаг.

Сэтгэл зүйч болон сэтгэцийн эмч хооронд ямар ялгаа байдаг вэ? Сэтгэл зүйчээс ямар тусламж, сэтгэцийн эмчээс ямар тусламж авах ёстой вэ?

Сэтгэцийн эмч бол өвчинтэй илүү ажилладаг. Өөрөөр хэлбэл хэн нэгэн айдсын өвчтэй байлаа гэхэд түүнийг эмчилж эдгээх талаар сэтгэцийн эмч хүн ажиллана. Харин сэтгэл зүйч хүн бол тэр айдсын эмгэгийг үүсэхэд нөлөөлж буй хүчин зүйлээс хэрхэн хол байх, хэрхэн урьдчилан сэргийлэх тал дээр ажиллах ёстой гэсэн үг. Нөгөө талаар сэтгэл зүйч бол сэтгэцийн эмгэгийн урьдчилан сэргийлэлт талаар ажилладаг бол сэтгэцийн эмч бол өвчнийг эмчилдэг гэсэн үг.

Цаг заваа гарган бидэнтэй ярилцсан танд баярлалаа. Ажилд нь амжилт хүсье.

Сошиалд хуваалцах: