Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн дэд захирал, АУ-ны доктор В.Баярмаагаар ахлуулсан баг НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газартай хамтран “Өсвөр үеийн сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаар зөвлөн туслах арга зүйн сургалт”-ыг 2019 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс 26-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн 15 сумын эрүүл мэндийн төвийн эмч, ерөнхий боловсролын 22 сургуулийн эрүүл мэндийн багш, нийгмийн ажилтнуудад зохион байгууллаа.

Уг сургалтаар хүүхэд, өсвөр үеийн сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал, сэтгэл хөдлөл, зан үйлийн эмгэгийн талаар мэдээлэл, сургалт сурталчилгаа явуулсан. Мөн Өмнөговь аймгийн 6-12 дугаар ангийн сурагч, эцэг эхчүүд, багш нараас “Өсвөр үеийнхний сэтгэл хөдлөл, зан үйлийн судалгаа”-г авах арга зүйн зөвлөгөө өгсөн. Судалгаанд Өмнөговь аймгийн 15 сумын ерөнхий боловсролын 22 сургуулийн 6-12 дугаар ангийн 4000 гаруй өсвөр насны сурагчдыг хамруулах юм.

Сургалтын төгсгөлд нийт оролцогчдод СЭМҮТ-ийн 2018 онд хэвлэн гаргасан “Хүүхэд, өсвөр үеийн сэтгэцийн эрүүл мэнд” ном, хүүхдийн сэтгэцийн эрүүл мэнд, зонхилон тохиолддог тулгамдсан асуудал, хүүхэд өсвөр насанд зонхилон тохиолддог сэтгэцийн эмгэгийн мэдээлэл агуулсан 12 төрлийн видео хичээл, гарын авлага, өөрийгөө сорих сорил багтаасан интерактив хичээл тараасан.

 

 

Сошиалд хуваалцах: