-Нойрны эмгэг гэж юуг хэлдэг юм бэ. Шөнө нойр хүрэхгүй байхыг л хэдэг юм уу?

-Хүн шөнө унтаж байхдаа дахин, дахин сэрэх, унтдаг цагтаа унтаж чадахгүй байх, тогтмол цагтаа унтсан боловч эрт сэрэх зэргийг нойрны эмгэг буюу нойрны өөрчлөлт гэж хэлж байгаа юм. Зарим хүмүүс өдрийн цагаар нойроо авчхаад шөнийн цагаар нойргүйдэх байдалд орсон байдаг. Уг нойрны зөрүү нь ч нойрны эмгэгт багтдаг.

-Ямар үед, юунаас болж нойрны эмгэг үүсэх нөхцөл бүрддэг вэ?

-Стресстэй холбоотойгоор буюу нийгмээс ирж байгаа орчны нөлөөллүүд, бие бялдар, хувь хүний амьдралын хэв маягтай холбоотойгоор нойрны хямрал үүсдэг. Манай иргэд ихэвчлэн хувь хүний стресс буюу сэтгэл зүйн асуудлаас болж нойргүйдэх нь элбэг байдаг. Мөн биеийн өвчний зовуур шаналгаанаас болоод хүн шаналж болно. Гэхдээ биеийн талаас эрүүл боловч сэтгэл зүйн хувьд эдийн засаг, хүн хоорондын харилцаатай холбоотой зөрчил, маргаан эсвэл гэр бүлд тохиолдсон уй гашуу, тааламжгүй үйл явдалтай холбоотойгоор хүмүүсийн нойр их, бага хэмжээгээр хямарч байдаг.

-Стресс, сэтгэл санааны байдалтай холбоотойгоор хүний нойронд өөрчлөлт гардаг талаар ярилаа. Тэгэхээр стресстэй холбоотой нойрны эмгэгийн шинж тэмдэг нь ямар байдлаар илэрч болох вэ?

-Тухайлбал, толгой өвдөх, хүүхэн хараа өргөсөх, мартамхай болох, ой тогтоолт сулрах, уур бухимдал ихтэй болох зэрэг шинж илэрнэ. Мөн сэтгэл зүйн талаас нойрны хямрал, сэтгэл гуних, аливаа зүйлд идэвх буюу шийдвэр гаргах чадвар буурах зэрэг шинж илэрнэ. Ерөнхийдөө маш бухимдуу, тогтворгүй, аливаа зүйлд сэтгэл ханамжгүй болж эхэлдэг гэсэн үг.

 

-Нойрны өөрчлөлтөд орж, хямрал үүсээд байгаа тохиолдолд яах ёстой байдаг талаар зөвлөхгүй юү?

-Нойрны хямрал үүсээд байгаа тохиолдолд тухайн хүн мэргэжлийн эмчид хандах ёстой. Мэдээж өрхийн эмнэлэгт хандаж болно. Нойрны хямрал үүсээд 1-7 хоног үргэлжиллээ гэж бодоход энгийн зөвлөгөө авах, стресс тайлах арга, амьсгалын дасгал заалгаж болно. Хүн болгоны стресс, уй гашууг даван туулах арга нь ондоо байдаг. Зарим нь удаан, хурдан байдаг юм. Тиймээс хувь хүн өөрөө хичээгээд унтаж амарч чадахгүй байгаа бол цаг алдалгүй мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авах хэрэгтэй.

-Ямар насны хүмүүс нойрны эмгэгт илүү өртөх магадлалтай байдаг вэ?

-Нойрнй эмгэгт нас харгалздаггүй. Тухайлбал, хүүхдүүд гэр бүл дотор маргаантай байвал стресст өртөж, түр зуур ч гэсэн хямралд өртдөг. Идэр залуу, ахмад хүмүүс ч хямралд өртдөг.

-Нойрны эмгэг хүндэрсэн тохиолдолд ямар өвчний эх суурь болох вэ?

-Нойрны хямрал нь удаан үргэлжилбэл тухайн хүний амьдралын чанарт нь нөлөөлж эхэлдэг. Өөрөөр хэлбэл, ажлын бүтээмж муудаж, хамт олонтойгоо ажиллах чадвар буурна. Харилцааны талаас бусдаас дөлөх, дуу чимээнээс зугтах, найрсаг харилцаанд орохоос зайлсхийх, ганцаардалд ордог бол хоол боловсруулах эрхтэн систем талаас хоолны дуршил буурах, гэдэс ходоод хямарч, толгой өвдөнө. Энэ нь цаашлаад дархлалын системыг бууруулж, өвчлөмтгий буюу бие бялдарыг дараагийн шатны өвчнүүдийн үндэс болно.

-Өдрийн цагаар нойроо авчихаад шөнийн цагаар нойргүйдэх байдалд орохыг нойрны эмгэгт хамаарна гэсэн. Энэ тохиолдолд яаж хэвийн байдалд орох боломжтой вэ?

-Нойрны өөрчлөлтөд ороод эхэлсэн тохиолдолд эмчилгээ хоёр янзаар явагдана. Эмэн эмчилгээ, нойр дэмжих эмчилгээ хийдэг. Эмэн эмчилгээ нь тайвшруулах, нойрсуулах бүлгийн эмэн эмчилгээг эмч тохирох тун хэмжээгээр зөвлөнө. Нойр дэмжих эмчилгээ нь нойрсуулах аппарат, сэтгэл засал эмчилгээ, танин мэдэхгүй сургалт, амьсгалын дасгал, унтахад зориулагдсан дэр, нойр дэмжих үйлдлүүд хамаардаг. Тухайлбал, нойр дэмжих үйлдэлд бүлээн усанд хөлөө дүрэх байж болно. Энэ нь тухайн хүний сэтгэл зүй, бие махбодод унтаж амрах нөхцөлийг бүрдүүлж өгдөг юм.

-Хүн хангалттай нойр авах нь ямар ач холбогдолтой байдаг талаар тайлбарлаж өгөхгүй юү?

-Хүн шөнийн цагаар хамгийн багадаа долоон цаг унтаж нойроо авсан байх ёстой. Боломжит буюу эрүүл байх хэмжээний нойр нь найман цаг байдаг. Гэхдээ 9, 10-аас дээш цагаар унтах давтамж ихэсвэл хэт унтах эмгэгээр өвдөх эрсдэлтэй. Хүн өдрийн цагаар унтаж, амарч болох ч тухайн нойр нь тархи, мэдрэлийг хангалттай амрааж чаддагүй. Хангалттай нойр авснаар тухайн хүний амьдралын идэвхи, анхаарал төвлөрөл, ажлын бүтээмж, хооллолт, амьдралаас авах таашаал, идэвх нэмэгдэнэ. Хангалттай амарсан хүнд тухайн өдрөө тулгарах стресс, учирч байгаа зүйлүүдийг даван туулах чадавхи нь бий болсон байдаг. Хангалттай нойроо авч чадаагүйгээс болж стресст өртөмтгий болж байгаа юм.

-Нийгэмд хүнийг стресстүүлэх олон зүйл байна. Түүнээс ангид байх эсвэл  бага стресстэх ямар боломж байна вэ?

-Зөв цагт хоолло. Мөн тогтмол цагт унтаж, сэрж сурах хэрэгтэй. Энэ нь таныг стрессээс холдуулах арга юм. Ингэснээр таны нойр хэвийн байдалд орж, стрессыг даван туулах чадамжтай болно. Үүнээс гадна стресс бухимдлыг арилгах дасгалуудыг хийж сурах хэрэгтэй. Энэ бол зөв амьсгалах буюу тайвшрах дасгал юм.

Тухайлбал, 1-10 хүртэл дотроо тоолно. Нэг хэмнэлээр тоолно. Тоолж байх үедээ амьсгал аваад гаргана. Ингэхдээ 1-4 хүртэл тоолж байх үедээ хамраараа амьсгал авна. 5-6 хүртэл тоолж байхдаа амьсгалаа түгжиж, амаар гаргахдаа бэлдэнэ. 7-10 хүртэл тоолж байх үед амьсгалаа амаараа зөөлөн үлээж гаргана. Ингэх хугацаанд таны толгойд өөр зүйл бодогдохгүй, зөвхөн тоо л бодогдох болно. Энэ нь элдэв стресстэй бодлуудыг бодохгүй, таныг тайвшруулж өгнө. Уг амьсгалын дасгалыг өдөрт 5-10 минут хийгээд байвал стрессийн төвшин буурна. Тайвширч унтана. Зөв амьсгалын дасгалыг хийгээд эхлэхээр бодисын солилцоо, хоол боловсруулах, ялгаруулах эрхтэн систем бүгд хэвийн байдалдаа эргэж орно.

-Нойрны эмгэгт өртөхөөс сэргийлж, өдөр тутамдаа юуг баримтлах нь үр дүнтэй вэ?

-Орой унтахаас өмнө хүнд хоол идэж, архи, тамхи хэрэглэхгүй байх нь чухал. Унтахаас өмнө 1-2 цагийн өмнө ачаалалтай дасгал хөдөлгөөн хийхээс зайлсхийгээрэй. Эдгээр зүйл нь биеийг сэргээж өгдөг юм. Мөн тогтмол цагт унтаж сураарай. Хүмүүс ихэвчлэн тогтмол цагт унтаж чадахгүйгээсээ болоод нойрны хямралд өртөөд байгаа юм. Тэгэхээр ажил амралтаа зөв зохицуулж, тогтмол цагт унтаж сураарай гэж хэлмээр байна.

Сошиалд хуваалцах: