Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв нь Монголд анх удаа олон улсад сайн туршлага гэгддэг, нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн мэдээллийн утас 1800-2000-г  2019 оны 3-р сарын 22-ны өдрөөс  шинээр ажиллуулж эхэллээ.

Иргэдэд цаг алдалгүй мэдээлэл өгөх, тусламжийг хүртээмжтэй, амар хялбар үзүүлэх, мансуурал, бухимдал, сэтгэл гутрал,  амиа хорлох зэрэг асуудлаас урьдчилан сэргийлэх, эмнэлэгт ирүүлэхгүйгээр сэтгэл зүйн зарим асуудлыг шийдвэрлэх үүднээс “Сэтгэцийн эрүүл мэндийн мэдээлэл  өгөх 24 цагийн 1800-2000 дугаартай утас ажиллуулах” үйлчилгээг нээсэн нь  иргэд үрүү чиглэсэн чухал ажил боллоо. Мэдээллийг сэтгэцийн мэргэжсэн туршлагатай эмч нар өгөхөөрөө онцлог юм.

Энэ үйлчилгээ нээгдсэнээр Эрүүл мэндийн сайдын 2018 оны 06 дугаар сарын  25-ны 1а/2551 дугаартай “Арга хэмжээ авч ажиллах тухай” албан бичигт үүрэг болгосон сэтгэл зүйн нээлттэй 24 цагийн утасны тусламж үйлчилгээ үзүүлэх асуудал хэрэгжиж байна.

Нээлтэнд ЭМЯ-ны Нийгмийн Эрүүл Мэндийн Газрын дарга Т.Энхзаяа, ХЗДХЯ-ны Гэмт Хэргээс Урьдчилан Сэргийлэх Ажлыг Зохицуулах Зөвлөлийн Ажлын Албаны дарга Л.Нямгэрэл, ЭМЯ-ны НЭМГ-ын ХБӨ-ний асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Хандармаа, СЭМҮТ-ийн Ерөнхий захирал, Удирдлагын хамт олон, эмч эмнэлгийн мэргэжилтэн нар оролцов.

Энэхүү ажлын хүрээнд ХЗДХЯ-ны ГХУСАЗЗ-ийн дэмжлэгтэйгээр шинээр 2 өрөөг засварлан тохижуулж, мэдээллийг хадгалах программ хангамжийг шинээр бий болгож, иргэдэд зориулсан мэдээллийн 1800-2000 дугаарыг сурталчилсан тараах материал, эмч мэргэжилтэнд зориулсан гарын авлага гэсэн 2 төрлийн материалыг хэвлүүлэн гаргалаа.

Сошиалд хуваалцах: