Шилжилтийн насны хүүүхдүүд Би хүмүүст ямар харагдаж байгаа бол? Миний бие хэвийн болов уу? гэх зэргээр өөрийгөө бусадтай харьцуулан бодож эхэлдэг. Судалгаанаас үзэхэд 10 настай охидын 81% нь таргалах вий гэсэн айдастай, 1-3 дугаар ангийн охидын 42% нь одоо байгаагаасаа илүү туранхай болохыг хүсдэг гэжээ. 
Анорексиа нь ихэвчлэн 11-13 насанд эхэлдэг ба охидод илүүтэй тохиолддог байна. Ийм эмгэгтэй хүүхдүүд жин нэмэгдэх вий гэсэн их хэмжээний айдаст автан, өөрийн биеийн жин болон биеийн хэлбэрийг байгаагаас нь хэтрүүлэн үнэлснээр асуудал эхэлдэг байна. 
АНУ-д 100 хүүхэд тутмын 1-2 нь анорексиагаар өвчилдөг. Хүүхдүүд эхний үедээ энэ байдлаа эцэг эхээсээ сайн нууж чаддаг бөгөөд эцэх эхчүүд энэ талаар хангалттай мэдлэггүй байдгийн улмаас тэр болгон эмчид хандахгүй явсаар өвчин хүндэрсэн хойно нь мэдэх тохиолдол цөөнгүй байсаар байна. Энэ нь жин хасахаар хоол сойх, дасгал сургуулилт хийх, спортоор хичээллэхээс тэс өөр ойлголт юм. Эмчлэхэд төвөгтэй, заавал мэргэжлийн сэтгэцийн эмч, хоолзүйч, сэтгэлзүйч нарын тусламжтайгаар удаан хугацааны эмчилгээний дүнд эдгэдэг.

Шалтгаан
Одоог хүртэл эрдэмтэд тогтсон шалтгааныг хайсаар байна. Үүнд сэтгэлзүйн, удмын, нийгмийн, гэр бүлийн таарамжгүй байдал зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг гэж үздэг. Судлаачид жингээ тогтмол барих, жин хасах шаардлагатай спортын төрлүүд/гимнастик, баллет, уран гулгалт/ нь анорексиа үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг байж болох юм гэжээ. Мөн сүүлийн жилүүдэд анорексиа ихээр нэмэгдэж байгаа шалтгаан нь алдартай кино жүжигчид, дуучдыг хэт шүтэн биширч тэдэнтэй адилхан болох зорилгоор хоолны дэглэмийг идэвхтэй барьж, эрэгтэй хүүхдүүд булчингийн масс нэмэх зорилгоор эрчимтэй дасгал хөдөлгөөн хийх нь анорексиад хүргэх томоохон шалтгаан болж байна гэж тодорхойлжээ.

Эцэг эхчүүд та бүхэн доорхи шинжүүд хүүхдэд тань илэрч байгаа эсэхийг үргэлж анхаарч байх хэрэгтэй. 
• Хүүхэд урьд байснаасаа илүү их хэмжээгээр цонхийж, турж эцэх
• Байнга жингээ үзэх, хянах
• Хоолны орц найрлага, илчлэг хэмжээг байнга тооцоолох
• Зөвхөн нэг төрлийн хоол хүнс хэрэглэх, мах, гурил зэргээс татгалзах
• Фитнессээр байнга, идэвхтэй, хэт ачаалалтай хичээллэх
• Өөрийгөө байнга илүүдэл жинтэй байна гэж ярих, гомдоллох
• Нийгмийн үйл ажиллагаанаас татгалзах
• Сэтгэлээр унах
• Их ядарч сульдах 
• Хүүхдийн үс ихээр унах, хумс хугарч, эмтрэх
• Охидод сарын тэмдгийн алдагдал илрэх
• Бүх биеэр зөөлөн шар үс ургах 
• Артерийн даралт, зүрхний цохилт, амьсгалын тоо буурах 
• Үенүүд хавдах
• Байнга даарч байна гэх байдлууд танд анзаарагдвал та мэргэжлийн сэтгэцийн эмчид хандан зөвлөгөө аваарай.

Танай гэр бүлд аз жаргал, эрүүл энхийг хүсье!

Сошиалд хуваалцах: