2018 оны 09 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд “Монгол улс дахь тамхины хяналтын тухай хуулийн зарим заалтын хэрэгжилтийг үнэлэх туршилт судалгаа”-ны сургалтыг ДЭМБ-ын Kerstin Schotte, Lizzie Tecson, Clem Carlos, Titus Karanja, Mina Kashiwabara зөвлөхүүд удирдан, ЭМЯ-ны харъяа Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв зохион байгуулан, судлаач бэлтгэх сургалтанд Улаанбаатар хотын 8 дүүргийн Засаг даргын тамгын газрын мэргэжилтэн, Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч, дүүргүүдийн эмнэлгийн мэргэжилтэн нийт 40 хүнийг хамруулав.

ДЭМБ-ын Тамхины хяналтын суурь конвенци (FCTC)-д ажлын байранд болон олон нийтийн газарт 100% тамхигүй орчин бүрдүүлэх нь дам тамхидалтаас хүмүүсийг хамгаалах хамгийн шилдэг арга гэж заасан байдаг. Тамхины хэрэглээ их байгаа өнөө үед 100% тамхигүй орчин бүрдүүдэх нь бэрхшээлтэй ч тамхины хуулийн хэрэгжилтийг сайжруулах шаардлага дэлхий нийтийн өмнө тулгарч байгаа билээ.

2007 оноос эхлэн дэлхий даяар тамхигүй орчин бүрдүүлэх, тамхины зар сурталчилгаа, ивээн тэтгэхийг хориглох заалт эрчимтэй хэрэгжиж байна. 2017 оны байдлаар  нийт 1.5 тэрбум хүн амтай 55 улс оронд тамхигүй орчин бүрдүүлэх заалт, 1.1 сая хүн амтай 37 улсад  тамхины зар сурталчилгаа, ивээн тэтгэхийг хориглох заалт амжилттай хэрэгжсэн байна.

Монгол улс Тамхины хяналтын тухай хуулийг анх 2005 онд баталж, 2012 онд шинэчилэн найруулж, 2015 онд нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг. МУ-ын Засгийн газрын 289 тогтоолоор батлагдсан “Халдвар бус өвчинтэй тэмцэх Үндэсний хөтөлбөр”-т Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйл болох тамхины хэрэглээ нь олон төрлийн эмгэг үүсэх шалтгаан нөхцлийг бүрдүүлдэг тул түүнээс урьдчилан сэргийлэх, өвчлөл нас баралтыг бууруулах талаар тусгасан байдаг. Монгол улс тамхины хэрэглээг бууруулах талаар үнэ, татварын болон тамхинд агуулагдах бохь, никотины хэмжээг хамгийн  багаар тогтоох, тамхины утаанд өртөхөөс сэргийлэх, сурталчилахыг хориглох зэрэг үнийн бус олон арга хэмжээг хэрэгжүүлж байгаа боловч тамхины хэрэглээ дорвитой буурахгүй байна.

Сүүлийн жилүүдэд нийгмийн эрүүл мэндийн салбарт краудсорсинг (crowdsourcing) буюу олон нийтэд түшиглэн том бүлгээс нэгэн зэрэг мэдээллийг цуглуулах боломжтой орчин үеийн судалгааны аргыг нэвтрүүлж эхэлж байна.  Энэ тал дээр ДЭМБ анхаарал хандуулан тамхины хэрэглээний талаар үнэн зөв, харьцуулж болохуйц мэдээлэл цуглуулах аргачлал боловсруулахын тулд тамхины хяналтын хуулийн хэрэгжилтийг судлах туршилт судалгааг 7 улсад явуулахаар төлөвлөгдсөний нэг нь Монгол улс бөгөөд одоогоор Чили, Тайланд 2 улсад энэхүү судалгаа хийгдэж дууссан. Энэхүү судалгааны үр дүнд үндэслэн цаашид техник хангамж ба санхүүгийн хувьд хамгийн боломжтой судалгааны аргачлалыг  тамхины хяналтын хуулийн хэрэгжилтийг судлахад ашиглах зорилготой юм.

Туршилт судалгаа хийгдсэнээр бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчид нотолгоонд тулгуурласан баримтаар хуулийг хэрэгжүүлэх, цаашид эрчимжүүлэх шаардлагатай хүчин зүйлийг тодорхойлох, мэдээллээр хангах явдал юм. Тухайлбал, хуулийн хэрэгжилт сул байгаа тохиолдолд хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар идэвхтэй уриалга гаргах, боловсролын хөтөлбөрт тусгах, тамхины хуулийн хэрэгжилт сул байгаа бодлого боловсруулагч, ажилтан, албан хаагчид, олон нийтэд мэдээлэл өгч, хууль ямар түвшинд хэрэгжиж байгаа, цаашид ямар арга хэмжээ авбал зохилтой талаар (үйлчлүүлэгчдийг энд тамхи татах хориотой гэдгийг сануулж хэлж байх) ойлголт өгөх, хуулийн аль заалт хэрэгжилт муутай байгааг олж илрүүлэх, хуулинд орсон өөрчлөлт хэр ахиц дэвшил авчирч буйг үнэлэх боломжийг олгодог давуу талтай билээ. 

Сошиалд хуваалцах: