Сэтгэцийн өөрчлөлт болон сэтгэцийн тулгамдсан асуудал, түүнээс хэрхэн сэргийлэх талаар СЭМҮТ-ийн СШСЭСК-ийн сэтгэцийн эмч Ц.Мөнхтуултай ярилцлаа.

-Хүний сэтгэл санаа амгалан тайван байх нь олон зүйлийн эх үндэс болдог. Гэвч нийгмийн стресс, уур бухимдал, сошиал орчин зэрэг олон хүчин зүйл сэтгэцийн өөрчлөлт ороход нөлөөлж болохоор байна. Тэгэхээр сэтгэцийн өөрчлөлтөд ороход хамгийн гол нөлөөлж байгаа зүйл нь юу юм бэ?

-Сэтгэцийн өөрчлөлт, сэтгэцийн тулгамдсан асуудлыг хүмүүс ялган ойлгох хэрэгтэй. Сэтгэцийн хувьд эрүүл, сэтгэцийн тулгамдсан асуудалтай, сэтгэцийн эмгэгтэй гэж ангилагддаг. Өнөөгийн нийгэмд сэтгэцийн тулгамдсан асуудалтай хүмүүс маш их байгаа юм. Сэтгэцийн эмгэгээр удмын өөрчлөлттэй эсвэл хүчтэй стресс, хүчтэй сэтгэл зүйн зовнилын дараа өвчлөх боломжтой. Мөн генийн өөрчлөлтөөс шалтгаан сэтгэцийн эмгэгтэй болох зэрэг маш олон нөхцөл, шалтгаан байдаг.

Сүүлийн үед сэтгэцийн тулгамдсан асуудлыг сэтгэцийн эмгэгтэй гэж андуурах болсон. Аливаа асуудалд өөрөө шийдвэр гаргаж чадахгүй байх, нэг асуудлыг олон талаас харж, зөв гаргалгааг хийж чадахгүй байх, ямар нэг бэрхшээл тулгарахад дасан зохицож, даван туулж чадахгүй шантарч, сэтгэлээр унах нь сэтгэцийн тулгамдсан асуудал болдог. Сэтгэцийн тулгамдсан асуудалд өртөхөд нийгмийн стресс бухимдлыг хэрхэн хүлээж авч байгаа нь чухал нөлөөтэй. Стресс бухимдлаа даван туулахгүй, бухимдлаа өөрөөсөө чөлөөлөхгүй байх нь сэтгэцийн тулгамдсан асуудалд өртөхөд хүргэдэг. Аливаа тулгарсан асуудлаа шийдэж, өөртөө таатай мэдрэмжийг үүсгэж чадвал сэтгэцийн тулгамдсан асуудлаа шийдвэрлэж чадаж байгаа хэрэг. Хэрвээ үүнийг шийдвэрлэж чадахгүй бол сэтгэцийн өөрчлөлт гарч ирдэг. Тухайлбал, сэтгэлээр унах, айдас түгшүүр бий болж эхлэх, ядаргаанд орохоос гадна нойргүйддэг. Цаашлаад ажил, хичээлдээ явж чадахгүй болох, хүнтэй харилцахад асуудал гарах нь сэтгэцийн тулгамдсан асуудлуудын илрэл юм. Сэтгэцийн тулгамдсан асуудлыг удаан хугацаагаар даамжирбал сэтгэцийн өөрчлөлтөд орно гэсэн үг.

-Сэтгэцийн тулгамдсан асуудлыг удаан хугацаанд даамжруулбал сэтгэцийн өөрчлөлтөд орно гэж ойлголоо. Хэрвээ сэтгэцийн өөрчлөлтөд орвол ямар ямар сөрөг үр дагавар дагуулдаг вэ. Хүний сэтгэл зүй, зан араншин хэрхэн өөрчлөгдөж болох вэ?

-Сэтгэцийн өөрчлөлтөд орвол сэтгэл зүйн таагүй мэдрэмжүүд буюу уурлах, бухимдах, бачимдах, түгших зэрэг сөрөг сэтгэл хөдлөлүүд ажиглагдаж байдаг. Цаашлаад өөртөө итгэлгүй болох, өөрийгөө үнэлэх үнэлэмж нь буурах, өөрийгөө бусдаас илүү сул, дорой байдлаар харах, аливааг харах өнцгөөр харах, идэвх зүтгэл чармайлтгүй болж, бүтээмжтэй, үр дүн гарахгүй болж эхэлдэг. Мөн хүмүүстэй харилцах харилцаа нь буураад ирдэг. Хүнтэй зөв харилцаж чадахаа больж, өөрийгөө бусдаас тусгаарлаж, зөвхөн өөрийн дотоод ертөнц рүү анхаардаг болох зэрэг сэтгэцийн өөрчлөлт ажиглагдана. Энэ шинж тэмдэг ажиглагдаж эхэлбэл мэргэжлийн эмчид хандах шаардлагатай. Гэхдээ хувь хүн ямар үед сэтгэл зүйн асуудлаа даван туулах, ямар үед мэргэжлийн хүнд хандахаа ялган ойлгох хэрэгтэй. Хэн нэгэн ажлаасаа халагдлаа гэж бодоход эхэн үед стресстэж бухимдана. Харин хэсэг хугацаа өнгөрөхөд тухайн асуудлаа хувь хүн өөрөө шийдвэрлэж эхэлдэг. Энэ бол тулгамдаж буй асуудлаа өөрөө хүлээн зөвшөөрч, түүний эсрэг арга хэмжээ авч, даван туулж чадаж байгаа хэлбэр юм. Харин маш хүчтэй сэтгэл зүйн стресст өртөхөд тухайн асуудлаа хэн нэгэнтэй хуваалцаж чадахгүй, дотроо шаналж, бухимдаад байвал асуудал улам даамжирдаг. Энэ нь сэтгэцийн өөрчлөлтөд өртөхөд хүргэж байгаа юм. Хүн болгоны стрессээ даван туулах байдал өөр өөр байдаг. Бие хүний онцлогоосоо шалтгаалан сэтгэл зүйн тулгамдсан асуудал, өөрчлөлттэй болох магадлал өндөр байдаг.   

-Сэтгэл зүйн өөрчлөлтөд орвол хүнтэй харилцахгүй дотогшоо болдог гэлээ. Үүнээс ганцаардал үүсэх үү?

-Сэтгэцийн зарим нэг эмгэгийн үед ганцаардал буюу бусдаас өөрийгөө тусгаарлах өвчин байдаг. Сэтгэцийн эмгэгийн үеийн ганцаардал нь хүнтэй харилцаанд ороход өвөрмөц сэтгэдэг учраас үүнийг энгийн хүмүүс ойлгохоо больдог. Үүнээс тухайн хүн өөрийгөө илүү ихээр бусдаас тусгаарлаж өөрийн ертөнцдөө амьдарч эхэлдэг. Хүмүүстээ харилцахдаа өөрийн сэтгэл хөдлөлөө гөлгөр байдлаар буюу сэтгэл хөдлөлгүйгээр илэрхийлдэг. Хэн нэгэнтэй сэтгэл хөдлөлийн ярилцлага хийхгүй гэсэн үг. Энэ шинж тэмдэг ганцаардлыг илтгэдэг. Ийм нөхцөл байдалд байгаа гэдгээ мэдэж байгаа хүн өөрийгөө бусдаас тусгаарлах гэхээс илүү бусадтай сэтгэлээ нээж ярилцах нь чухал юм. Гэхдээ өөрийн сэтгэлээ хөдлөлөө дотроо хадгалдаг эсвэл гадагшаа бусдад ярьж, илэрхийлдэг хүмүүс байдаг. Гэсэн хэдий  ч сэтгэлээ нээсэн ярилцлага хийхийг хичээх хэрэгтэй. Хэрвээ ганцаардал нь өвчний төвшинд хүрвэл мэргэжлийн эмчид хандах нь чухал.

-Сүүлийн үед нийгэм аливааг сөрөг хандлагаар харах болсон. Үүнтэй холбоотойгоор хувь хүн илүү бухимдан стресстэж байна. Тэгэхээр сэтгэл зүйн тааламжтай мэдрэмжийг хэрхэн бий болгох вэ?  

-Манайхан сөрөг стрессийг маш их ярьдаг. Гэтэл стресс нь эерэг болон сөрөг гэж хуваагддаг. Сөрөг стресс нь таагүй мэдрэмжүүдийг үүсгээд байгаа юм. Эерэг стресс нь таатай мэдрэмжүүдийг үүсгэж байдаг. Тэгэхээр хүн аливаа зүйлийг зөвхөн нэг өнцгөөс бус олон талаас нь хардаг байх шаардлагатай. Ажил, сургууль дээрээ ямар нэг алдаа гаргахад өөрийгөө алдаа хийсэн гэж сөрөг байдлаар харахаас илүү гаргасан алдаагаа дахин давтахгүй гэж эерэг байдлыг үүсгэж, өөрийгөө засаж чадах ёстой. Хувь хүн өөртөө эерэг таатай мэдрэмжүүдийг үүсгэж сурах нь эргээд тухайн хүнд аз жаргалтай таатай мэдрэмжүүдийг үүсгэдэг. Ямар нэг асуудал, бэрхшээлийг цаг тухайд нь шийдвэрлэж, аливаа асуудлыг хүндээр тусгаж авахгүй байх хэрэгтэй. Өөрийн шийдвэрлэж чадах зүйлийг цаг тухайд нь шийдвэрлэж, чадахгүй зүйлээ цаг хугацааны эрхээр болно гэдгийг ойлгох нь зүйтэй. Бүх зүйлийг өөртөө дарамттай байдлаар хүлээж авбал таагүй мэдрэмжүүд хуримтлагддаг.

-Сэтгэцийн өөрчлөлтөд нойргүйдэх шалтгаан болдог гэсэн. Энэ талаар?  

-Сэтгэцийн өөрчлөлтөд нойргүйдэх шалтгаан ордог. Гэхдээ нойргүйднэ гэхээр унтахаа болихыг хэлэхгүй. Унтаад байгаа хэрнээ амарсан мэдрэмж авахгүй байх, хар дарж зүүдлэх эсвэл унтаж байхдаа цочин сэрж болно. Нойргүйдлийг үүсгэх маш олон шалтгаан байдаг. Тухайлбал, гаднын хүчин зүйлийн шалтгаантай буюу ямар нэгэн өвчин эмгэгийн үед нойргүйдэх боломжтой. Мөн ажлын нөхцөл байдал, сэтгэл зүйн таагүй мэдрэмж байгаа үед буюу сэтгэлээр унах, гутрах сэтгэл зүйн асуудал үүссэн үед нойргүйдэж болдог. Тэгэхээр ямар шалтгаантайгаар нойргүйдээд байгааг тодорхойлох хэрэгтэй. Сэтгэцийн тулгамдсан асуудал үүсч байгаагийн хамгийн эхний өөрчлөлт нь нойргүйдэл гэж ойлгож болно. Тэгэхээр нойргүйдэл нь зургаан сарын хугацаанд үргэлжилбэл сэтгэцийн тулгамдсан асуудал, сэтгэцийн өөрчлөлтөд орох боломжтой гэж үздэг. Нойрны хэрэгцээний асуудал өөр өөр байдаг. Унтаад сэрэхэд амарсан мэдрэмж төрөхгүй, таагүй мэдрэмж төрж байвал нойрны алдагдал үүсч байна гэж ойлгож болно. Унтаж байгаа хэрнээ орчин тойрноо мэдрэх, зүүдээ мэдрэх, хар дарах, зүүдэндээ ярих, хурхирах, зүүдэндээ явах зэргээр нойрны эмгэг нь маш олон янзаар илэрдэг.

-Унтаж байгаа хэрнээ амарсан мэдрэмж авахгүй байвал ямар сөрөг үр дагавартай вэ?

-Унтаад байгаа хэрнээ бие амрахгүй байгаа бол ядаргаанд орж байгаагийн эх үүсвэр гэж хэлж болно.

-Ер нь хүн сэтгэцийн өөрчлөлтөд орохоос хэрхэн сэргийлэх вэ?

-Стресс үүсгээд байгаа хүчин зүйлд хэмжилт хийж сурах хэрэгтэй. Сэтгэл зүйн боловсролтой болбол аливаа асуудлыг өөрөө даван туулдаг болох юм. Асуудлаа даван туулж чадахгүй бол сэтгэл зүйн зөвлөгөө авдаг байх хэрэгтэй. Ямар нэг асуудал гарсан бол тухайн орчноосоо түр зай авч, өөрийн дуртай, өөрийн сонирхдог зүйлээ хийж, өөртөө алжаал таашаалын мэдрэмжийг авахдаа анхаарал хандуулах хэрэгтэй. Стресс тайлах маш олон арга байдаг. Түүнийг тухайн хүн өөрийн онцлогоос хамааран даван туулна. Тухайлбал, зарим хүн дуу дуулахаар стресс тайлагддаг гэдэг бол зарим нь ном сонин уншихаар, гэртээ амрахаар, бүжиглэхээр, ууланд гарахаар тайвширдаг гэдэг. Тэгэхээр өөрт алжаал таашаалын мэдрэмж өгч байгаа зүйлээ хийгээрэй. Мөн ажил, амралтын дэглэмийг зохицуулах, тулгарсан асуудлыг даван туулж сурах нь чухал.

-Ярилцсанд баярлалаа.

Сошиалд хуваалцах: