ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖИЙН АЛБА
Эмчилгээний нэгдсэн албаны амбулатори нь хүн амд төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ, хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох, үнэгүй эм олгох, I, II дахь шатлалын тусламжийн тайлан мэдээг нэгтгэх, сэтгэцийн эрүүл мэндийн тухай хууль, үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг зохион байгуулах чиг үүргийг хэрэгжүүлж ажиллаж байна.
Эмчилгээний нэгдсэн албаны стационар нь 450 ортой, эмчилгээний 10 тасаг, хүлээн авах, физик эмчилгээ, лаборатори, шүд, эмэгтэйчүүд, дүрс оношлогоо, сэтгэц эмгэг судлалын оношлогооны кабинет г.м. 20 гаруй тасаг нэгжтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

ХҮНИЙ НӨӨЦИЙН ХӨГЖЛИЙН АЛБА
Мэргэжилтэй боловсон хүчний ойрын болон хэтийн төлөвлөгөөтэй ажиллах, эмч ажилчдыг мэргэжил дээшлүүлэх сургалтанд бүрэн хамруулах хөдөлмөрийн хууль, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын биелэлтэнд байнга хяналт тавьж ажиллах, ерөнхий захирлын ажлын албаны өдөр тутмын үйл ажиллагааг байнга зохицуулж байх чиг үүргийг хэрэгжүүлнэ.

САНХҮҮ БҮРТГЭЛИЙН АЛБА
Батлагдсан санхүүжилтын хуваарилалтыг оновчтой хэмнэлттэй зарцуулах, санхүүгийн сахилгыг чанд биелүүлэн ажиллах, шаардлагатай материалаар байнга ханган ажиллах, санхүүгийн хууль дүрмийн дагуу өр авлагагүй ажиллах, санхүүгийн тайлан мэдээг тогтмол хугацаанд нь гаргаж байх чиг үүргийг хэрэгжүүлнэ.

НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНД, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, СУРГАЛТ, ГАДААД ХАРИЛЦААНЫ АЛБА
Үндэсний төвийн төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хангах, гадаад харилцааг өргөжүүлэх, эмч мэргэжилтний төгсөлтийн дараах болон, сэтгэцийн эрүүл мэндийн төрөлжсөн нарийн мэргэжил олгох дээшлүүлэх сургалтуудыг зохион байгуулах, эмч нарыг эрдэм шинжилгээ судалгааны ажилд дадлагажуулан сургах ажлын суурийг бэхжүүлэх, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах, сэтгэцийн эрүүл мэндийн нийгэм хамт олонд тулгуурласан тусламжийн загварыг анхан шатны тусламжинд бий болгох, эмчлүүлэгч тэдний ар гэрт сургалт явуулах, мэдээллийн технологийг хөгжүүлэх “цахим эмнэлэг” дотоод сүлжээнд холбох, сэтгэц нийгмийн нөхөн сэргээх тусламж үйлчилгээг өргөжүүлэх, чанаржуулах, хүн амд нийгэм сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх зөвлөгөө өгч ажиллах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

ЧАНАРЫН АЛБА
Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг тасралтгүй сайжруулах, чанарын хөгжлийг дэмжих, чанарын удирдлага, хяналтын тогтолцоог бэхжүүлэн үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх, чанарын баталгааг хангасан үйлчилгээг нэвтрүүлэх, сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээр батлагдсан стандарт, эмнэлзүйн удирдамжийг мөрдүүлж ажиллах, хэрэгжилтэд хяналт тавих, эмчилгээний чанарын хяналтыг боловсронгуй болгон тогтмолжуулах, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх,  эмнэлгийн халдвар хяналтын төлөвлөгөө, үйл ажиллаааны хэрэгжилтэд хяналт тавьж шаардлагатай зохицуулалтын талаар санал гарган шийдвэрлүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ.

СУВИЛГААНЫ АЛБА
“Сувилахуйн тусламж үйлчилгээг үйлчлүүлэгч нэг бүрт жигд хүртээмжтэй чанартай хүргэх” уриаг удирдлага болгон сувилахуйн тусламжийг үзүүлж буй сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдийн мэдлэг, чадвар, хандлагыг дээшлүүлж, үйлчлүүлэгчдэд сэтгэл ханамж үүсгэн сувилахуйн тусламжийг чанартай хүргэнэ.

Comments are closed.