https://www.news.mn/?id=268233

mQLQLcyenhtuvshin

Сүүлийн жилүүдэд амиа хорлолт нэмэгдэх хандлагатай болсон талаар танай судалгаанд дурджээ? 

-Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-аас гаргасан нас баралтын индексийн жагсаалтад амиа хорлолт 12-т эрэмбэлэгдсэн. Монгол улсад хийгдсэн судалгаагаар нас баралтын шалтгааны зургадугаарт амиа хорлолт эрэмбэлэгдсэн байгаа юм. Эрдэмтдийн судалснаар дэлхий нийтэд амиа хорлолтод 15-34 насны залуучууд ихэвчлэн өртдөг гэж дүгнэжээ. Харин манай улсад идэр залуу насны залуучуудын нас баралтын номер нэг шалтгаан нь амиа хорлолт болчихсон гэхэд хилсдэхгүй.

2017 онд ДЭМБ-аас амиа егүүтгэлээр дэлхийд тэргүүлэгч орныг нэрлэсэн. Тус үзүүлэлтээр Монгол улс гуравдугаарт бичигдсэн байгаа юм. Энэ судалгааг хүн амд ногдох тоонд суурилан гаргасан бөгөөд сүүлийн 10-аад жилд амиа хорлолтоор Япон, Беларус, Латви улс дэлхийд тэргүүлдэг байсан. Гэтэл Монгол улс гуравдугаарт бичигдэх болсон нь тун харамсалтай. Манай улс шиг цөөхөн хүн амтай бүс нутагт амиа хорлолт үндэсний аюулгүй байдалд заналхийлэх хэмжээнд хүрсэн гэдгийг судалгаанаас харж болно. Мөн шинжлэх ухааны нэршилд амиа хорлолтыг егүүтгэл гэж ярьдаг.

-Амиа хорлолт ихсэх болсон нь юутай холбоотой вэ. Нөлөөлөх хүчин зүйлсийн талаар тайлбарлаж өгөхгүй юу? 

-Орчин цагт амиа хорлолтыг нийгмийн гаж үзэгдэл гэж нэрлэдэг боллоо. Зарим эрдэмтдийн судалснаар амиа хорлолт нь ядуурал, эдийн засгийн нөхцөлтэй шууд хамааралтай. Жишээлбэл, ажилгүйдэл нэг хувиар нэмэгдэхэд амиа хорлолтын тоо 4.5 хувиар нэмэгддэг. Энэ юу гэсэн үг вэ гэвэл эдийн засгийн хямрал, ажилгүйдэл, ядуурлын улмаас амиа хорлолт нэмэгддэг байгаа юм. Шалтгааны хувьд янз бүр байдаг л даа. Жишээлбэл, хувь хүний үнэт зүйл алдагдахаар амиа хорлох бодол төрж эхэлдэг. Өөрөөр хэлбэл, амьдралын үнэт зүйлүүд алдагдаж эхлэхээр хүмүүсийн дунд сэтгэл гутралын шинж тэмдэг илрэн, эцэст нь амиа хорлох шийдэлд хүрдэг. Яг үнэндээ амиа хорлох сэдэлтэй хүмүүсийн тулгамдсан асуудлыг манай улсад цогц бодлогын хүрээнд шийдэж чадахгүй байна.

Залуучуудад зориулсан сэтгэл зүйн төв хэрэгтэй гэж та хэллээ? 

-Тийм шүү. Залуучуудад зориулсан бодлогын алхмуудыг хийх ёстой. Дүүргийн эмнэлэгт сэтгэцийн зөвлөгөө өгөх төвүүд байдаг шүү дээ. Гэхдээ мэргэжилтнүүд нь улсын хэмжээнд хаана ч хүрдэггүй. Хамгийн зөв шийдэл нь сургууль, цэцэрлэгт сэтгэл зүйчийн орон тоо зайлшгүй байх ёстой.

Өнгөрсөн оноос эхлэн АШУҮИС-д “Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төв”- ийг байгуулсан. Манай төв оюутнуудад үнэ төлбөргүй сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг гэдгээрээ онцлогтой. 2016 онд нээгдсэнээс хойш 230 оюутан үйлчлүүлсэн. Ихэнхдээ гэр бүлийн зөрчил, сэтгэл гутрал, мэргэжил сонголт, сэтгэл түгшил, дасан зохицохуйн хямрал, найз нөхөд, донтолт зэрэг тулгамдсан асуудлуудаар хандсан. Сүүлд гэхэд амиа хорлохоор шийдсэн найман залууг бид аварсан. Ер нь сэтгэл зүйн хямралд орсон өсвөр үеийнхэн найзаасаа тусламж, зөвлөгөө авдаг. Гэхдээ эдгээр хүмүүст гарах гарцыг зааж өгөх мэргэжлийн сэтгэл зүйч байх ёстой.

Хоёр дах шийдэл бол амиа хорлох оролдлого хийж буй сэтгэлийн хямралтай хүмүүст утсаар зөвлөгөө өгөх дуудлагын төв хэрэгтэй байгаа юм. Гэхдээ энэ бол зөвхөн яригдаж буй асуудал. Биднээс шалтгаалахгүй хөрөнгө санхүүгийн хувьд дутмаг байна.

Хэрвээ сэтгэл гутралд орсон бол хэрхэн даван туулах вэ? 

-Манай судалгааны баг жилд 560 орчим хүн амиа хорлолтоор нас барж байна гэдгийг олж мэдсэн. Хэрэв та сэтгэл гутралд өртсөн бол ойр дотнын хүмүүстэйгээ уулзаж, чин сэтгэлийн яриа өрнүүлэх хэрэгтэй. Хүн өөрөө сэтгэлийн амьтан учраас бие биеэ сэтгэлээр дэмжих нь туйлын чухал. ДЭМБ-ын судалгаанаас харахад жилд нэг сая орчим хүн амиа хорлолтоос болж нас бардаг. Энэ нь 40 секунд тутамд нэг хүн амиа хорлодог гэсэн ерөнхий тоог гаргаж болно. Цаашид ч энэ тоо өсөх хандлагатай байна.

Өнгөрсөн жил “Амиа хорлолтын цахим контентын чиг хандлага” гэсэн судалгааг АШУҮИС-аас хийжээ. Уг судалгааны дүнгээс үзэхэд мэдээллийн сайтууд агуулгын хувьд амиа хорлолтыг буруутгасан мэдээлэл ихэвчлэн бичдэг ч дээрх мэдээллийг уншсан иргэдийн 33 хувь нь амиа хорлох сэдэл төрүүлэхүйц мэдээлэл нийтэлж байна гэсэн дүгнэлт гаргасан. Иймд амиа хорлолтын талаарх мэдээллийг хүргэхдээ болгоомжтой нийтэлж түүнд хяналт тавихыг мэргэжилтнүүд зөвлөж байна.

Comments are closed.